Ц.БААТАРХҮҮ: “ПАБЛО ЭСКОБАР” ОЛОН АНГИТ КИНОГ ЗОГСООГООГҮЙ
2019/06/21

“ЦЕГ-аас өнөөдөр хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ МҮОНТ-ээр гарч  байгаа “Пабло Эскобар” олон ангит киног зогсоосон гэж ярьсан тухай мэдээлэл тархаж, зарим сайтуудад  мэдээлжээ. Гэрэг.мн баримтыг нягтлан хүргэдэг “Нягталсан баримт” буландаа уг асуудлыг тодруулж хүргэж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр  “Хэвлэл мэдээллийн байгууллагуудад  хар тамхийг сурталчилсан, өөгшүүлсэн бүтээлийг олон нийтэд үзүүлэхгүй байх чиглэлийг өгсөн. Тухайн нэг киног нэр зааж зогсоосон юм  байхгүй” гэв. Харин “Пабло Эскобар” цуврал хар тамхийг сурталчилсан бүтээлд орох уу гэж асуухад “Би үздэггүй учраас мэдэхгүй байна” гэсэн хариултыг Ц.Баатархүү дарга өглөө.CLICK TO TWEET

Мөн энэ талаар МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгийн захирал Батцэнгэлээс тодруулахад “ЦЕГ-аас албан бичиг ирэх нь ирсэн байсан. Яг хэзээ ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Угаасаа өнөөдөр төгсгөлийн анги нь гараад дуусч байгаа” гэлээ.

ЦЕГ-гаас хар тамхины хэрэглээг харуулсан, хар тамхи худалдан борлуулагч сүлжээний үйл ажиллагааг нарийвчлан үзүүлсэн дэлгэцийн аливаа бүтээлийг олон нийтэд гаргахгүй байх шаардлагыг   Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 телевиз, 11 сайт, бүх кино театруудад хүргүүлсэн гэх мэдээллийг өгчээ.

МҮОНРТ нь өөрийн гэсэн зохицуулалтын хуультай Монголын ганц телевиз бөгөөд ОНРТ-ийн хуулийн 8.3-т “Олон нийтийн радио, телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно” гэсэн заалт байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404