Замын Үүд Эрээний спортын наадам болж байна
2019/06/19

Улс хоорондын найрамдалт хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлт, харилцан ашигтай ажиллагааны талаар зөндөө л ярьж, бичдэг. Гэтэл яг найрсаг хамтын ажиллагаа хийгээд өрсөлдөөн гэдэг спорт дээр л харагддаг гэнэм. Тэд хоорондоо өрсөлдөж, хүчээ үздэг, одоогийн хэллэгээр бүр эмордог. Гэхдээ тэмцээн дуусаад гар барин салдаг, өөртэйгээ ана мана үзэлцсэн өрсөлдөгчөө хүндлэн, магадгүй яльгүй алдаа гаргасандаа уучлал гуйдаг. Тэр хэрээр ямар ч дипломат харилцаа, санамж бичиггүйгээр бие биеэ илүү сайн ойлголцдог. 

Яг ийм сэтгэгдэл төрүүлсэн тоглолт Монгол Улсын Дорноговь аймгийнхан болон ӨМӨЗО-ны Эрээн хотын Их сургуулийнхны хооронд болсон волейболын тэмцээн байлаа. Манайхан /мэдээж Дорноговийнхон/ хүч илүү. Тэдний хэтэрхий хүчтэй бөмбөгийг тосч авахын оронд бараг зугатсан нь дээр. Эрээний их сургуулийнхан уртай. Бахархмаар нь энэ багийн хамгийн гол тоглогч Ундрах, түүний холбогч хөөрхөн охин Монгол. Бас сонирхолтой нь, энэ багт нь орос охин, өвөрмонгол ,ар халх, хятад хүү охид эн тэнцүү, гар нийлэн тоглож,  Ар Монголоос ирсэн дасгалжуулагч удирдаж байсан нь бахархалтай. Өмнө тоглосон Замын-Үүдийн багийнхан ч гэсэн бас их мундаг амжилттай тоглосон. Эн тэнцүү, эсвэл дутуу  тоглосон тэд хэн хэнийхээ алдаа, оноог мэдэж байгаа, бас дараа яаж тоглохоо мэдэж байгаа. Ер нь бол монголчууд сагс, волейбол гэх мэтэд өмнө нь хувь илүү байсан,  тэр хэрээр ч Эрээний андууд жил ирэх тусам сайжирсаар байгаа, хийн дасгал зэрэгт монголчууд бас тэднээс суралцаад бас л амжилт гаргаж байгаа гэж тэмцээний туршлагатай оролцогчид ярьж байв.

 Аливаа арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулснаар илүү сайжирч бас хөгжиж байдаг. Тэр хэрээр ч энэ тэмцээн улам чамбайран, хоёр талынхнаа спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тухайлбал, энэ жилээс тэмцээн улам өргөжин Дорноговь аймгаас баг тамирчид оролцож буй. Цаашдаа Дорноговийн бусад сумдаас багуудаа оролцуулах бодолтой байгаа. Мөн зарим тэмцээнийг Замын-Үүдэд зохион байгуулах юм байна. Ийн найман төрлийн тэмцээн наймдугаар сарыг хүртэл үргэлжлэн зохиогдох юм. Тэр хэрээр ч Эрээн, Замын-Үүдийнхэн эрч хүчтэй, ажил ихтэй байх бололтой. Эрээнийхний хувьд энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгөн ажилладаг аж.  Тус хотын Радио, телевизийн сэтгүүлч Б.Заяа энэхүү тэмцээнд маш эртнээс төлөвлөгөө гарган бэлтгэдэг гэж танилцуулж байсан.

Дашрамд сонирхуулахад БНХАУ-ын Эрээн хот байнгын оршин суугч  60 гаруй мянган хүнтэй. Монгол БНХАУ-ын хилийн боомт хотын хувьд дайран гарах хөдөлгөөн их. Монголчуудын хувьд Эрээн гэдэг хотыг мэдэхгүй хүн бараг үгүй. Хэтрүүлсхийн хэлэхэд ирж үзээгүй хүн ч цөөн. Тэр хэрээрээ бие биеэ сайн мэддэг. Эрчимтэй хөгжиж байгаа Эрээн хотынхноос авах сурах зүйл их. Монголчуудын хувьд зах зээлийн нийгэмд шилжихэд хамгийн түрүүнд гадаад хилийн харилцах гол суваг болсон. Эндээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ голчлон татддаг байсан. Өдгөө ч мөн худалдааны гол суваг хэвээр. Олон жилийн турш харилцаж ирсний хувьд Замын-Үүдийнхэн болон Эрээнийхэн бие биеэ сайн мэднэ. Ёстой жинхэнэ ах дүүгийн харилцаатай. Эрээн хотод манай консул байнга байрлан ажилладаг.

Улаанбаатараас очсон манай сэтгүүлчдийн багийг найрсгаар хүлээн авч, газарчлан тусалсан сэтгүүлч Заяа биднийг хотынхоо радио, телевиз, сонины хороотой танилцуулсан юм. Эднийх Хятадад одоо мөрдөж байгаа сонин, радио, телевиз цахим сайт хосолсон хэлбэрээр ажиллаж байгаа. Ерөөсөө сонин, радио, телевиз цахим сайт хосолсон хэлбэрээр ажиллах нь илүү үр дүнтэй. Манайд ч гэсэн компаниуд ийм хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа билээ. Эдний телевизийн хувьд бүтэн эфир явуулдаг 40 орчим хүн ажилладаг. Мөн крилл бичгээр “Эрээний мэдээ” сонин эрхлэн гаргадаг. Хэдийгээр сүүлийн үед цахим сайт болон ТВ давамгайлах болсон ч уламжлалт сонин болон радио нөлөөтэй хэвээр. Эднийх цаасан хэвлэл болон радиодоо ач холбогдол өгдөг юм байна. Хөрш Замын-Үүд ч бас ТВ,FM радиотой. Замын-Үүдийн телевизийн сэтгүүлч бүсгүй Ууганцэцэг мөн манай багтай хамтран ажилласан юм. Тэрээр таван удаагийн тэмцээнийг бүгдийг сурвалжилсан туршлагатай бүсгүй аж.

Биднийг явсан зориогоо биелүүлэн нийслэл хотын зүг хөлгийн жолоо залахад Эрээн хотод тэмцээн үргэлжилсээр байсан. Тэмцээн ийнхүү хоёр сар үргэлжлэх юм. Тийм болохоор тэмцээнд нь амжилт хүсье, Замын-Үүд болон Эрээн, Дорноговийн тамирчдадаа.

Мөн биднийг найрсаг дотноор хүлээн авч, мэдээлэл дамжуулах боломжоор хангасан та бүхэндээ баярлалаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404