Ж.Батзандан “Б.Хурцыг гүтгээгүй” гэдгээ нотлох хангалттай баримт гаргаж өгч чадахгүй байна
2019/06/18

УИХ-ын гишүүн  Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар нэгэн ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр “Хар тамхины наймааны ард тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэг гэж тодорхой хэлье. Б.Хурц генералын байгуулсан хар тамхины наймааны бүлэг. Варшавын шүүхийн тогтоол миний гар дээр байна. Б.Хурцын ах дүү нар тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан. Тамхины наймаачдын бүлэг хар тамхины наймааны бүлэг болж хувирлаа” гэж хэлсэн юм. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц үүнийг “Ямар ч ор үндэслэлгүйгээр нэр хүндэд халдаж, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэж үзэн өчигдөр  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Батзандан гишүүний талаар гомдол гаргажээ.

Гэвч энэ бол анхны тохиолдол биш юм. Ж.Батзандангийн хувьд, Б.Хурцын эсрэг суртал ухуулгыг байнга хийдэг гэхэд болно. Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж “Б.Хурц Дамирангийн Энхбатыг Европын орнуудаар дамжуулан авчирч, тамлаж яргалж байсан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цолоор шагнуулсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-д авч өгөх ажлыг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг” гэж ТЕГ-ын экс даргын эсрэг мэдэгдлийг өмнө нь хийж байв.

Тухайн үед Б.Хурц энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, 2018 оны хоёрдугаар сарын 12-нд Б.Хурцын талаар хийсэн ор үндэслэлгүй мэдээллүүддээ няцаалт хийхийг Ж.Батзандан гишүүнд даалгах тухай шүүхийн шийдвэр гарч байсан юм байна. Гэвч Ж.Батзандан давж заалдаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ.

Юуны учир ийнхүү анхан шатны шүүх рүү буцаасныг зарим эх сурвалжаас тодруулахад “Ж.Батзандан гишүүн давж заалдах шатны шүүх хурлын үеэр нэгэн CD гаргаж өгсөн. Тэрхүү CD-нд нь сошиалд Б.Хурцын эсрэг гарсан материалууд байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандан “Б.Хурцыг гүтгээгүй” гэдгээ нотлох хангалттай баримт гаргаж өгч чадахгүй байгаа. Тодорхой эх сурвалжгүй, сошиалаас хуулбарласан эдгээр баримт нь хэрэгт ач холбогдолгүй” гэх тайлбарыг өглөө. Энэхүү гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг 2019 оны зургадугаар сарын 20-нд товложээ. Харин Б.Хурцыг хар тамхины хэрэгт гүтгэсэн гэх гомдлыг хэлэлцэх шүүх хурал хэдийд болохыг хараахан товлоогүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404