Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Х.Баттулгад бараалхлаа
2019/06/17

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Тухайлбал, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон руу 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах болсон ч бодит байдал дээр ноолууран бүтээгдэхүүнээс бусад экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв. Улмаар хоёр орны эдийн засгийн болон бусад харилцааг дэмжих байнгын механизм байгуулахад анхаарал хандуулах, энэ нь Гадаад хэргийн сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд байж болох юм зэрэг санал дэвшүүлэв.

Мөн уулзалтын үеэр хоёр талаас Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөн ярьсан нь Японы эрчим хүчний сонирхлыг хангах, Монголын эрчим хүчний эх үүсвэрүүдийг экспортлох зэрэг ашиг сонирхолтой нийцэж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээн авч, хоёр орны харилцааны байнгын механизм байгуулах зэрэг саналын хүрээнд харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Эзэн хаан Нарухитод мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох урилгыг халуун дотноор хүлээн авсан гэдгээ мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404