Н.Учрал: Хэнтийчүүд төлөөлөлтэй болгож өгөөч гэж үргэлж надад хэлсээр ирсэн
2019/06/13

Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, Засгийн газрын нөөц сангаас шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авсангүй.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Цэцийн шийдвэрийг дэмжихгүй. Харамсаж байна. Төлөөллийн зарчим алдагдлаа. Хэнтийн 42 дугаар тойргийн Өндөрхааны хүүхэд би. Өнгөрсөн хугацаанд төлөөллийн зарчим алдагдсанаас асар олон зүйл орхигдсон. Би Өндөрхаан аймгийн төвд олон ажиллаж байсан, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Уулзах бүрт залуучууд УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэж хэлж байна.Нөхөн сонгуулийг маргааш ч хийж болно. Маргааш хийчих, Хэнтийчүүд хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Сурталчилгаагаар яах юм бэ.Хэнтийчүүд өөрсдөөсөө ч хэдэн төгрөг гаргаад сонгуулиа хийж чадна. Сонгуулийг яаралтай хиймээр байна. Хэнтийчүүд  төлөөлөлтэй болгож өгөөч гэж үргэлж надад хэлсээр ирсэн. нөхөн сонгууль хийх арга замыг Хууль зүйн байнгын хороо хийх  хэрэгтэй. Хэнтийчүүдийг төлөөлөлтэй болгож өгөхгүй юм бол үлдсэн хугацаанд   би давхар  Хэнтийчүүдийг  УИХ-д төлөөлье.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Нэр дэвшил дундаа явж байхад Цэцийн дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэлт хүндэрч байгаа. Бид хүлээж авахгүй гэдэг шийдвэрээ өнөөдөр гаргах байх. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэцийн Их суудлын хуралдаан болно. Энэ мэт цаг хугацааны зохицуулалтад нь Хуульзүйн байнгын хорооноос  эргэж харж зохицуулах хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

ҮХЦ Хэнтий аймгийн төлөөлөлгүй тойргийг бусад нь төлөөлчихнө биз гээд яриад байгаа юм. Төсөв батлагдахаар хэн ч хариуцахгүй үлдэж байгааг ҮХЦ зөвшөөрөхгүй байгаа юм. УИХ-ын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргасан. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэр захиалгатай зүйл гэдгийг хэлье.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404