Л.Болд: Хар тамхины сүлжээ хэнийх гэдгийг мэднэ, ил зарламаар байна
2019/06/12

"Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна”гэж Л.Болд гишүүн хэлэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хар тамхины асуудлаар хийх мэдээллийг хаалттай хэлэлцэхээр болсныг зарласны дараа тэрээр эсэргүүцэж  ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ гэдэг" хэмээв. 

1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойшхи хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох товтой байсан.

Байнгын хороогоор уг асуудлыг хаалттай хэлэлцэх болсныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ГХЯ-ны хийсэн мэдээллээс ихэнх зүйл тодорхой болчихсон учраас нэгэнт шившгээ дэлгэчихээд юуг нь хаалттай хэлэлцэх гээд байгаа юм бэ. Нээлттэй хэлэлцэх хэрэгтэй" гэв. 

Гэвч байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжсэн.  Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл өгсөн. Тэрээр "Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн.  Ялангуяа өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн үнэтэй гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ чиглэлд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол гадаад орчинд буюу олон улс дахь Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас манай байнгын хороо УИХ-ын Даргын зөвлөлөөр шийдсэний дагуу Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. ГХ-ны сайдын мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга болон бусад холбогдох албанынхан оролцлоо" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404