Колумби-Венесуэлийн хилээр 37 мянга орчим хүн хилээр нэвтэрсэн байна
2019/06/10

Венесуэл Колумбийн хилийг нээсний дараа олон мянган хүн хилээр нэвтэрсэн гэж Колумбийн холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхгүйн тулд Венесуэл Колумбийг холбосон гүүрийг дөрвөн сар хаасны дараа өнгөрсөн бямба гарагт нээсэн байна.

Венесуэл улс нь эдийн засгийн урт хугацааны хямралын улмаас үндсэн хэрэгцээний хомсдолд нэрвэгдээд байгаа юм. НҮБ-ын агентлагуудын мэдээлснээр, 2015 оноос хойш дөрвөн сая гаруй иргэн Венесуэлээс дүрвэжээ.

“Бямба гарагт Колумби-Венесуэлийн хил дээр 30 мянга гаруй хүн ирсэн бөгөөд тухайн өдрийн орой гэхэд 37 мянга орчим хүн хилээр нэвтэрсэн” гэж Колумбийн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Венесуэлийн сөрөг хүчин гадаадын орнуудаас хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулсантай холбоотойгоор Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар Колумби, Бразил болон бусад улстай залгаа хилийг хаах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан юм. Тэрбээр энэхүү явдлыг өөрийг нь Ерөнхийлөгчийн албан тушаалаас түлхэн унагах оролдлогын нэг хэсэг хэмээн мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404