“Huawei” компанид Бразил хориг тавихгүй
5 өдрийн өмнө

БНХАУ-ын “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг харилцаа холбооны тавдугаар үеийн “5G” сүлжээндээ ашиглахыг хориглохгүй гэж Бразилын дэд Ерөнхийлөгч Гамильтон Мурао мэдэгдсэн байна.

Бразилын санхүүгийн салбарын хамгийн том сонин болох “Valor Economico”-д нийтэлсэн Г.Мураогийн ярилцлагад дурдсанаар, “Huawei” компанид хориг тавих асуудлыг Бразилын засаг захиргаа зөвлөлдөөгүй байгаа ажээ. Мөн тэрбээр, харилцаа холбооны шинэ сүлжээнд “Huawei”-гээс татгалзах хүсэлтийг АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруд тавьсан гэдгийг нотолжээ.

Өнгөрсөн сард АНУ үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж, “Huawei” компанийг худалдааны хар жагсаалтдаа оруулсан юм. Гэсэн хэдий ч “Huawei” компани харилцаа холбооны тоног төхөөрөмжөөрөө дамжуулан гадаадын орнуудыг тагнадаг гэх мэдээллээ батлах нотлох баримтыг АНУ-ын Засгийн газар дэлгээгүй байна. 

“Huawei” компани нь дэлхийн харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон төлөөлөгчдийн нэг юм. Харин Өрнөдийн орнууд тус компанийн тоног төхөөрөмжийг “5G” сүлжээнд ашиглах нь аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Австрали, Шинэ Зеланд зэрэг орон “5G” сүлжээндээ “Huawei” компанийн тоног төхөөрөмж ашиглахыг хориглох шийдвэрийг хэдийнэ гаргасан билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404