ТОЙМ: Улсын Их Хурал /2019.06.03-07/
2019/06/10

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн зарим сумдад ажиллаж, Малчдын зөвлөгөөнд оролцов. Тэрбээр иргэд, малчдад УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулаад тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар тайлагнав. Мөн сумын иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Малчдын бүлэг”-үүдийн сайн жишиг, туршлагуудтай танилцсан юм. 2019.06.02 http://www.parliament.mn/n/n6by

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2019.06.04 http://parliament.mn/n/dsby

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав. 2019.06.04http://parliament.mn/n/d4by

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. 2019.06.04http://parliament.mn/n/d6by

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр талаас гарын үсэг зурсан билээ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон улс орнуудын “Хамтарсан мэдэгдэл” гаргасан байдаг. Эдгээр баримт бичгүүдийг үндэслэн УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав болон БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар Монгол-Хятад (Хятад-Монгол) улсын “Бүс ба зам” худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. 2019.06.04 http://www.parliament.mn/n/rsby

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэхийг дэмжив. Дараа нь  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- ийн хэлэлцэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэхийг мөн дэмжив.2019.06.04 http://www.parliament.mn/n/r1by

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн хамтаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков болон тус хорооны гишүүн Али Аларади  нарыг хүлээн авч уулзлаа. 2019.06.05 http://www.parliament.mn/n/fqby

 

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд, А.Сүхбат нар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков, Бахрейн Улсын төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн ноён Али Абдула Аларади нарыг хүлээн авч уулзлаа. 2019.06.05 http://www.parliament.mn/n/f1by

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонссон бөгөөд тус хорооны дарга А.Ариунзаяа тайланг танилцуулав. Дараа нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа. 2019.06.05http://www.parliament.mn/n/fkby

 

Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас “Дэлхийн байгаль орчны өдөр” болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах үйл ажиллагааг зохион байгууллаа. 2019.06.05http://www.parliament.mn/n/fsby

 

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар эхлээд “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ. Дараа нь  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулга хийсэн юм. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар Тамгын газрны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулга хийсэн юм. 2019.06.05http://www.parliament.mn/n/f4by

 

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдааны эхэнд төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталлаа. Үргэлжлүүлэн УИХ-ын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсов. Дараа нь Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2019.06.05http://www.parliament.mn/n/f6by

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02  дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлжээ. Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдааны төгсгөлд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 2019.06.05 http://www.parliament.mn/n/gqby

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар   УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт  Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. 2019.06.06 http://www.parliament.mn/n/gsby

 

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар сэтгүүлдэд мэдээлэл хийлээ. 2019.06.06 http://www.parliament.mn/n/8kby

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  өргөн барилаа. 2019.06.06 http://www.parliament.mn/n/g6by

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хүлээн авсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг.2019.06.06 http://www.parliament.mn/n/8qby

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Гунгаагийн Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Үргэлжлүүлэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2019.06.06 http://www.parliament.mn/n/enby

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,  ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанжан, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт болон Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар Үндсэн хуулийн цэцэд  өргөн барилаа. Төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Цэцийн гишүүн Н.Чинбат нар хүлээн авав. 2019.06.06 http://www.parliament.mn/n/ekby

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.06.06 http://www.parliament.mn/n/84by

 

УИХ-ын Төрийн байгуулалтын хороо үдээс хойш хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2019.06.06http://www.parliament.mn/n/eqby

 

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувийн саналаар баталлаа. Дараа нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, батлав. Мөн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дараа нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. 2019.06.06 http://www.parliament.mn/n/e1by

 

УИХ-ын гишүүн М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр ирснийг онцолсон. 2019.06.07 http://www.parliament.mn/n/e6by

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад  эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авав. 2019.06.07http://www.parliament.mn/n/e4by

 

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нил Сейкэрийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. 2019.06.07 http://www.parliament.mn/n/jnby

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Жэймс Лиотта, “Wicks” группийн Олон улсын үйлчилгээ хариуцсан дэд ерөнхийлөгч Ронсверт Алмонд болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.06.07http://www.parliament.mn/n/jgby

 

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ. 2019.06.07 https://twitter.com/?lang=en

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков, Бахрейн Улсын Төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн Али Абдула Аларади нарыг хүлээн авч уулзлаа. ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллаж байгаа юм. 2019.06.07 http://www.parliament.mn/n/knby

 

Монгол Улс, Бүгд найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан үг хэлэв. 2019.06.07 http://www.parliament.mn/n/jsby

 

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков тэргүүтэй төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хэргийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм. 2019.06.07 http://www.parliament.mn/n/k6by

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалт, ярилцлагыг Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав. Төсөл танилцуулах уулзалт, ярилцлагад Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдаж ажилласан Монгол Улсын Үндсэн оруулах хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн зарим гишүүд, Тамгын газрын удирдлагууд болон хэвлэл мэдээллийн 60 гаруй байгууллагын 80 гаруй сэтгүүлч оролцов. 2019.06.07 http://www.parliament.mn/n/jkby

Иргэд, сонгогчдод шуурхай, бодитой мэдээлэл өгөх үүднээс Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны үйл ажиллагааны нэгдсэн тоймыг сар бүр танилцуулж байна. 

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголд анх удаа болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-ий шагнал гардуулах ёслолд оролцлоо. Тэрбээр, тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн АНУ-ын баг тамирчдад аваргын цом, алтан медалийн хамт гардуулав. 2019.06.07 http://www.parliament.mn/n/mgby

  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404