Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ
2018/07/08

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэхзорилгоор бусад анги байгууллагуудаас хүч нэмэгдүүлэн нийт 557 алба хаагч мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.

Иргэд хөдөлгөөнд оролцогчдыг ая тухтай, аюулгүй зорчуулах чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдож байна.

Мөн бид замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай байрлалуудад байрлуулаад байна. Та бүхэн тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  

Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа иргэдийнхээ аюулгүй, ая тухтай байдлыг хангахад чиглүүлдэг.  Энэ хүрээнд энэ жил зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгчээ.

Жишээ нь: “Г” төрлийн зөвшөөрлийг хоёр байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь Хан-Уул, Баянзүрх дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан гэх мэт зохицуулалтыг хийх аж.

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхаравто зогсоолд,
“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн талбайд байрлуулна. Мөн тухайн үед бид 45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргаж ажиллана.
“Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруга Монгол" ХХК-ийн талбайд
“Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл: Зөвхөн Хүй 7 худаг явна.

Гэвч зөвшөөрөлгүй эсвэл олгогдсон зөвшөөрлийн бус талбай руу жолооч нар нэвтрэх үйлдлийг ихээр гаргадаг. Энэ нь бусад хөдөлгөөнд оролцогчид болон хөдөлгөөн зохицуулалтанд ихээхэн хүндрэл учруулж, зохиомол түгжрэл саатал бий болох шалтгаан болдогыг анхаарах хэрэгтэй.

Мөн Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой. 

Замын ачааллаас шалтгаалан энэ сарын 12-ны 07:00-09:00 цагт "Соёолон" насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404