ХУУЛЬ БУС ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙГАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ АТГ-Т МЭДЭГДЭЭРЭЙ
9 өдрийн өмнө

Авлигатай тэмцэх газарт нэр бүхий сургууль, цэцэрлэгийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль бусаар хандив авч байгаа тухай гомдол, мэдээллийг эцэг, эхчүүд ирүүлсээр байна.

Яг одоо хяналт шалгалтын шатанд байгаа зарим гомдлыг нэр дурдан мэдээлье.

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэг нь хичээлийн жилд хүүхэд элсүүлэхдээ 300-600 мянган төгрөгийн хандив авдаг, ангийн хүүхдүүдийн тоо хэтэрсэн, бага бүлэгтээ нас хүрээгүй хүүхдүүдийг авдаг, тус цэцэрлэгт багшлах эрхгүй 3 багш ажилладаг, даавуу улавчны мөнгө гэж хүүхэд бүрээс 10 мянан төгрөг авсан, хүүхдийн хоолны тооцоог бодохдоо бодит бус хүүхдийн тоогоор хийдэг” гэх гомдол;

“Нийслэлийн Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэгийн багш Хишигсүрэн болон бусад багш нар анги засварын мөнгө гэж нэг хүүхдээс 15-30 мянган төгрөг авч байна, би Хишигсүрэн багшийн хувийн данс руу 15 мянган төгрөг шилжүүлсэн” гэх гомдол;

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд шинэ орсон хүүхэд бүрээс 3000 төгрөг хураан авч байна, шалгалт шүүлгийн үеэр байнга мөнгө хураадаг. Эцэг, эхчүүд бид хүлээн зөвшөөрөөд өгдөг. Гэхдээ өнгөрсөн жил ой хийгээд цугларсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхойгүй. Зам, талбай нь эвдэрхий хэвээрээ байх юм. Ийм байж 3000 төгрөг хурааж байгааг нь ойлгохгүй байна” гэх гомдол;

“Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай, хүүхдийн хоолны тендерийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар авдаг, нөхөр Б.Эрдэнэсүрэн нь аймгийн төвийн болон сумын сургууль, цэцэрлэгүүдэд чацаргана, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг давуу эрхээр шахдаг, тендерийн санхүүжилтийг авахдаа богино хугацаанд гаргуулдаг” гэх гомдол;

“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг бүх хүүхдээс засварын мөнгө гэж 30 мянган төгрөг авч байна. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний мөнгө авсан боловч засварын ямар ч ажил хийгээгүй байсан. Мөн улирал бүр улавчны мөнгө гэж 12-15 мянган төгрөг авдаг боловч нэг ч улавч өгөөгүй. Энэ талаар эцэг, эхчүүд гомдол гаргая гэхээр айгаад гомдол гаргаж чаддаггүй. Энэ хандлага дээр багш, ажилтнууд дөрөөлж дураараа мөнгө төгрөг хурааж байгаа асуудлыг шалгаж таслан зогсоож өгнө үү” гэх гомдлыг тус тус Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан шалгаж байна.

Авлигатай тэмцэх газар он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлээд байна. Дээр дурдсан гомдлууд нь одоогоор шалгагдаж байгаа бөгөөд хяналт шалгалтын шийдвэрлэлт, үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага эцэг, эхчүүдээс хууль бус хандив шаардахгүй байх, хэрвээ ямар нэгэн байдлаар хандив тусламж авч цуглуулж байгаа бол нэн даруй Авлигатай тэмцэх газарт мэдээлж, мэдэгдэхийг анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404