Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ
2019/06/05

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлосон тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "УИХ-ын гишүүн Я.Санжмятав бид хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Бидний зүгээс УИХ-аас гаргасан тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй, хууль зөрчөөгүй гэдгээ хамгаалсан. Энэ оны эхээр хоёр гурван сар үргэлжилсэн улстөрийн үйл явцтай холбогдуулан УИХ-ын дарга чөлөөлөгдөж, огцроод, дахин УИХ-ын дарга сонгогдоод гарч ирэнгүүт тэр өдөр нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт сонгууль товлон зарласан. Сонгуулийн хуулийг үзэхээр тов зарлах асуудлаар хоёр өөр ойлголт байна. Гэхдээ сонгууль явуулах өдрийг сонгуулийн хуулинд жилийн зургадугаар сарын сүүлийн ням гаригт, аравдугаар сарын эхний ням гаригт сонгууль явуулна гээд хуульчилсан байна. Сонгууль явуулах өдөр нь угаасаа тогтчихсон, тодорхой байна. Тэгээд сонгуулиа яг товлох болохоор 65-аас доошгүй хоногийн өмнө гэж заасан. Гэтэл энэ хуулинд бас сонгуулийн зардлыг аудитаар оруулах асуудал нь 120 хоног гэж байна. Ингээд бид гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгууль зарлахгүй бол сонгуулийн хуультай зөрчилдөх юм байна гэж үзээд хоёрдугаар сарын 2-нд энэ асуудлыг хэлэлцээд товлосон байдаг. Санал авах өдөр угаасаа хуулинд заагдсан байгаа. Тэгээд бид тогтоолын төслөө хамгаалсан боловч биднийг 148 хоног болсон гээд маргаан үүссэн. Мөн сонгуулийн зардлыг төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байтал Засгийн газрын нөөц сангаас гаргах нь хууль бус гэж үзсэн"

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Цэц нөхөн сонгуулийн хугацаан дээр ээлжит сонгуулийн хугацааг баримталсан явдалд их харамсч байна. Шал өөр хоёр сонгууль шүү дээ. Мөн 2015 онд гурван сонгуулийг нэг хуулиар явуулсаныг нэн даруй өөрчлөх шаардлагатай гэдгийг илэрхийлээд гурван жил өнгөрлөө. Уг нь ядах юм байхгүй шүү дээ.  Үүнээс үүдэж л цэц ийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг өөр өөр хуулиар зохицуулна гээд заачихсан байхад нэг хуулиар зохицуулсан. Одоо энэ хуулиа хурдан өөрчлөөч ээ. Нөхөн сонгуулийн асуудалд Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасныг үнэхээр гайхаж байна" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404