Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна
2019/06/05

Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна

 

Нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр боллоо.

Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм. 

Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа өмчилж болох журмыг Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага орон сууцыг иргэдэд  түрээслүүлэх юм.

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

 

Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.

  Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.

Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болов.

 Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болов. 

Товч мэдээ

 

-  Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр болов. Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм. 

-  “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй байгуулах концессын гэрээний төслийг эцэслэн боловсруулж, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцүүлэхийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгав. 

-  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж Ганц мод боомт хүртэл явах  боломжтой гэж үзжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох тухай асуудлыг судалж, жишиг тарифт хүргэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгав.

-  Бэрхийн уурхайд суурилсан далд уурхайн музей бүхий эрдэс баялгийн салбарын мэргэжлийн боловсон хүчний сургалт,  судалгааний төвийн төслийн нэгж байгуулахаар болов.

-  Монгол Улс, БНХАУ хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулав. Энэ удаагийн экспо 09 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанцав хотод болно.

 

-  “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д энэ оны эхний улиралд 2165 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 2009 иргэний  өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 92.7 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн талаар хөндөж эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, төсөв, санхүүгийн дэмжлэг хүсчээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404