Т.МӨНХТУНГАЛАГ: “НАЙЗЫН ЯРИА” БОЛ ШУДАРГА ЁСНЫ ӨГҮҮЛЛЭГҮҮД ЮМ
2019/05/31

АТГ-аас Хүүхдийн баяраар “Найзын яриа” сэдэвт өдөрлөг зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагтай ярилцав.

-АТГ яагаад Хүүхдийн баяраар өдөрлөг хийж байгаа юм бэ? 

-Энэ бол соён гэгээрүүлэх ажил. АТГ авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх чиглэлээр ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд хүүхэд багачуудад зориулсан соён гэгээрүүлэх өдөрлөг хийж байгаа юм. Ийм арга хэмжээ зохион байгуулах болсон хэрэгцээ шаардлага бий. АТГ олон улсын судалгааны аргачлалын дагуу жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийдэг. Жил ирэх тусам монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байна. Энэ бол сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл мөн. Хүүхдүүд маань шударга биш болсоор байгаа нь ээжүүд, аавууд бидний байж байгаа царай энэ гэсэн үг. Судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, аливаад шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, хөгжүүлж дэмжих, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байвал тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлнө гэж социологчид зөвлөж байгаа. Тиймээс АТГ хүүхдүүдийн шударга байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Найзын яриа” сэдэвт соён гэгээрүүлэх өдөрлөгийг 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

-Шударга ёсны өдөрлөг хийнэ гэхээр яг ямар арга хэмжээ байх вэ? Баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдийг яаж оролцуулах вэ?

-Хүүхдийн баяр маань Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ. Тэр утгаараа баярын гэхээсээ илүү бидний ирээдүй үр хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө ажиллах өдөр, үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх өдөр гэж ойлгож байгаа. АТГ-тай хамтран Монголын Хүүхдийн ордон, Сурагчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байгаа. Өдөрлөгийн үеэр “Би шударга хүүхэд” хөтөлбөртэй. Хүүхдийн ордны дугуйлангийн авьяаслаг сурагчид шударга ёсны сэдвээр урлагийн тоглолт, үзүүлбэр бэлтгэсэн байгаа. Сурагчдын холбооны өсвөрийн лидер сурагчид манай арга хэмжээг хөтлөн явуулна. Хүүхдүүдийн дунд шударга ёсны сэдвээр гар зураг зуруулах, шүлэг зохиолгох, “Сайн уу, муу юу аль нь вэ хө” самбар дээр ажиллах, зохион бичлэгийн үзэсгэлэн гаргах, “Шударга ёсны хайрцаг” аялуулах, асуулт хариултын тэмцээн явуулах гээд хүүхэд багачуудын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжөөнтэй, сургамжтай, танин мэдэхүйн олон арга хэмжээг бэлтгэж байгаа. Эцэг, эхчүүдийг хүүхдүүдтэйгээ хамт Сүхбаатарын талбай дээр 6 дугаар сарын 1-ний өдөр зассан АТГ-ын асарт хүрэлцэн ирээрэй гэж урьж байна.

-“Найзын яриа” номыг Та зохиосон юм билээ. Номын утга агуулгыг маш товчоор илэрхийлэхгүй юу?

-“Найзын яриа” бол шударга ёсны өгүүллэгүүд юм. Хоёр дахь хэвлэлт нь комикс хэлбэрээр гарсан. 2013 онд үргэлжилсэн үгээр хэвлүүлж, дунд сургуулийн сурагчдад өөрөө явж хичээл зааж байсан. Энэ удаа комикс номоос гадна 10 цуврал контент бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан өргөн хүрээтэй арга хэмжээг бусад нөхдийнхөө хамт зохион байгуулж байна.

“Найзын яриа” маань Тамир, Дөлгөөн гэх хоёр гол дүртэй. 13 настай энэ хоёр хүүгийн дүрээр дамжуулан монгол хүүхдүүдэд шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилго агуулсан. Хийсвэр дүрүүд биш. Миний хүү, охинд сургууль дээр нь, гудамжинд, гэрт тохиолдсон бодит явдлуудыг олон улсын судалгааны 12 асуулгад тохируулан зохиомжилж номоо бичсэн. Өөрөөр хэлбэл, та бидний хүүхдүүдэд өдөр тутам тохиолддог л явдал байхгүй юу. Зохиолд дурдсан үйл явдал, утга санаа нь цоо шинэ зүйл биш. Гол нь томчууд бид хүүхдүүдтэйгээ шударга зан үйлийн талаар ярилцдаг, тэдэндээ зөвлөдөг байх ёстой. Эцэг, эхчүүд бид өөрсдөө хүүхдүүддээ шударга үлгэр дуурайл үзүүлдэг байх ёстой.

-Хүүхдийн шударга байдал гэж яг юуг авч үзэх вэ? Ямар байвал шударга хүүхэд гэж үзэх юм бэ? 

-Олон улсын судалгааны аргачлалаар гаргасан асуулгууд бий. Ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих байдал, авлигыг үл тэвчих байдал гэсэн үндсэн 4 түвшнээр үнэлдэг. Жишээ нь хүүхдүүд гэрийн даалгавар хийхдээ бусдын бүтээлийг өөрөө хийсэн мэтээр ашиглах нь зөв үү? Ангийн дарга болохын тулд ангийнхандаа бэлэг өгөхийг буруу зүйл гэж хүүхдүүд үздэггүй байвал яах вэ? Багшдаа бэлэг өгөх нь дүнгээ ахиулах сайн арга гэж хүүхдүүд маань үздэг бол яах вэ? Урт дараалалд зогсож байснаас урдуур нь дайръя гэж боддог бол зөв үү? Том хүмүүсийн хууль бус үйлдэл өөрт чинь ашигтай байвал дуугүй өнгөрөх үү? Гэх мэтээр хүүхдийн шударга байдлыг үнэлдэг юм байна.

Судалгааны дүнгээс сонирхолтой дүр зураг харагддаг. Тухайлбал, эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдээс илүү шударга, орон нутгийн сурагчид хотын сурагчдаас илүү шударга, улсын сургуульд сурдаг сурагчид арай илүү шударга гэх мэт. Анги ахих тусмаа хүүхдийн шударга байдал буурч байх жишээтэй. Хүүхдүүдийн нас, хүйс, сургуулийн орчин, амьдралын нөхцөл зэргээс хамааран шударга байдлын түвшин өөр өөр байдаг. Судалгаа хийх нэг хэрэг, судалгааны дүнд тулгуурлан бодит ажил хийж өмнөхөөс ахиж урагшлах нь илүү чухал.

-“Найзын яриа” арга хэмжээг зохион байгуулж эхэлснээр хүүхдүүдээс эерэг өөрчлөлт, хариу үйлдэл илэрч байна уу?

-Тамир, Дөлгөөн хоёрын шударга ёсны зан үйл, үлгэр дуурайл бүхий цуврал 10 контентыг нийгмийн мэдээллийн сүлжээнд байршуулан олон нийтэд толилуулж байгаа. Телевизүүд нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан “Найзын яриа” контентийг үнэ төлбөргүйгээр, давталттайгаар цацаж эхэлсэн. Контентыг үзсэн бяцхан үзэгчдээс, мөн аав, ээжүүдээс нь санал, сэтгэгдлүүд ирж байна. Зурагтынхаа өмнө тухлан сууж, ухраах, нөхөж үзэх зэргээр аятайхан үзүүштэй, хүмүүжлийн ач холбогдолтой, үзэх юмтай боллоо гэж эцэг, эхчүүд АТГ-т хандан хэлж байгаа. АТГ-ын ажилтны хувьд би эдгээр санал, сэтгэгдлүүдээс маш их урам, бас цааш үргэлжлүүлэх ажлын шинэ санаа оноо авч байгаа шүү. Манай эцэг, эхчүүд цаашид ч хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэж, шударга хандах талаар ярилцаж, хүүхдүүдээ дэмжиж урамшуулдаг байх хэрэгтэй.

-Хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх арга хэмжээг цаашид ямар хэлбэрээр зохион байгуулах вэ? Өдөрлөгийн дараа АТГ юу хийх вэ?

-Сурагчдын зуны амралт эхэлж байгаа. Тиймээс “Найзын яриа” шударга ёсны өгүүллэгүүдээ хүүхдийн зуслангуудад очиж хүргэхээр төлөвлөж байгаа. 2019-2020 оны хичээлийн жилд “Шударга ёсны хичээл” зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд оруулах, “Найзын яриа” контентыг өөр арга хэлбэрээр өргөжүүлэхээр зорьж байна даа.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин. 2019.05.31. №110 (3321)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404