Хүүхдийг ивээх сан, Хүүхэд насны төгсгөл 2019 тайлан
2019/05/30

Хүүхдийг Ивээх Сан нь “Хүүхэд Насны Төгсгөл” дэлхий нийтийн тайланг хүргэж байна.

Энэхүү тайланд өнөөдөр мэндэлсэн хүүхдүүд сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүйгээр эрүүл, боловсролтой, хамгаалагдсан орчинд өсөж, өөрсдийнхөө заяагдмал чадвар нөөцийг бүрэн дүүрэн ашиглах илүү өргөн боломжоор хангагдаж байгааг онцолжээ. Тайланд 176 улс орон дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг үнэлж

1.Хүүхдийн эндэгдэл;

2. Хөдөлмөр эрхлэлт

3. Сургууль завсардалт,

4. Охидын эрт гэрлэлт,

5. Төрөлт,

 6. Хүчирхийлэл 

7. Зам тээврийн осол гэмтэл

 8. Өсөлтийн хоцрогдол зэрэг “хүүхэд насыг хулгайлагч”  8 үзүүлэлтээр жагсаажээ.

2000 оны тайлангаар 970 сая орчим хүүхэд хүүхэд насаа бүрэн дүүрэн эдэлж чадалгүй шаналж байгааг тайлагнаж байв. Харин улс төрийн манлайлал, нийгмийн хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн зорилтуудын ачаар тайланд оролцсон 176 улсын 173-т нь мэдэгдэхүйц ахиц дэвшилт бий болж, энэ тоо өнөөдөр 690 сая болж буурсан болохыг 2019 оны тайлан онцолж байна.

Дэлхийн хөгжил дэвшил 2000 оноос хойш сая сая хүүхдийг сайн сайхан амьдралд хүргээд байна. Тухайлбал:

Нэг жилд эндсэн хүүхдийн тоог 4.4 саяар бууруулсан;

Өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн тоо 49 саяар буурсан;

Сургууль завсардсан хүүхдийн тоо 115 саяар буурсан;

Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 94 саяар буурсан;

Эрт гэрлэлт 11 саяар буурсан;

Өсвөр насны охидын төрөлт 3 саяар буурсан;

Бусдын гарт амь насаа алдсан хүүхдийн тоо 12 мянгаар буурсан;

 Гэхдээ хөгжил дэвшил нь бүх хүүхдэд ашиг тусаа өгч чадахгүй гэдгийг бид бүхэн мэднэ. Өнөөдөр манай гаригийн 4 хүүхэд тутмын 1 нь эрүүл, аюулгүй орчинд суралцах, тоглох, амьдрах эрхээ хязгаарлуулсан хэвээр байна. 2019 оны “Хүүхэд Насны Төгсгөл” тайланд Монгол Улс 176 орноос 76-д жагссан бөгөөд дээрх найман шалгуур үзүүлэлтээр авбал зохих 1000 онооноос 877-г авчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай багц хуулиуд гарч, салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжирсны дүнд тав болон түүнээс доош насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн өсөлт хоцролт, бусдын гарт амь насаа алдсан хүүхдийн тоо зэрэг үзүүлэлтүүд өмнөх оноос мэдэгдэхүйц буурч, эерэг үр дүн бий болгов. Гэвч 

Монгол улсад хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна

 Хот, суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт ядуу өрх олон байхын хэрээр хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь элбэг байна.

 Улсын хэмжээнд 2017 онд 10,435 уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс тухайн жилд хурдан морины уралдааны явцад 629 хүүхэд мориноос унаж, 169 хүүхэд гэмтэл авсан ба гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан байна. Хурдан морины өвөл, хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэрболохыг тогтоосон. Иймд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны  жагсаалт"-ыг шинэчлэн баталснаар 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэсэн хэдий ч ХНХЯ-ны сайдын тушаалаар хориглосон хугацааг 2017 онд ‘жил бүрийн өвлийн улиралд’ болгон өөрчилсөн бол 2018 онд тушаалыг дахин шинэчилж, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байна. Энэ асуудлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс хүүхдийг насаар нь ялгаварлаж, 12-оос дээш насны хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж болох нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн байдаг.

 Иймд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа 18 хүртэлх бүх насны хүүхдийн эрхийг баталгаажуулж, тэдний эсэн мэнд амьдрах, өсөж хөгжих, хамгаалагдах эрхийг хүндэтгэхийг бид Монгол Улсын Засгийн газарт уриалж байна. Нэг ч хүүхэд хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх хахир хатуу өвөл, хаврын цагт албадан хөдөлмөрийн улмаас амь нас, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйгээр нь хохироохгүй байхыг хүсэж байна.

 

Хүүхдийг ивээх сан, Хүүхэд насны төгсгөл 2019 тайлан 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404