Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа
2019/05/30

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 21 гишүүн, Б.Баттөмөр нарын 22 гишүүн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсний дагуу УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран  /2019.05.29/ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа.

Ерөнхий хяналтын сонсголд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.  

Сонсголыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт даргалан явуулав. Тэрбээр, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаарх эрх зүйн шинэчлэлийн дүнд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас ангид байлгах зохицуулалтыг хуулиар баталгаажуулснаар манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон хэдий ч хүүхдийн эрх зөрчигдөх үзэгдэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна хэмээн сонсголыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хэдхэн жилийн өмнө дэлхийн улс орнуудад гарч байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бид халаглан хүлээн авдаг байсан бол өнөөдөр манай улсад хүүхдийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэргүүд үйлдэгдэх боллоо. Үүнд тодорхой дүгнэлтүүдийг хийж яаралтай таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайлбал: 2018 онд улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бол үүний 230 буюу 44.9 хувь нь хүүхэд хохирогч болсон буюу 2017 онтой харьцуулахад 39.1 хувиар өссөн гэсэн аймшигтай үр дүнг дурдаж болно.

Улсын Их Хурал хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаар тодорхой бодлого гарган ажиллаж байгаа хэдий ч хүүхэд гэмт хэрэгт өртөх, хүчирхийллийн золиос болох явдал гарсаар байна. Хэдийгээр хууль хяналтын байгууллагын алба хаагчид, төрийн бус байгууллага, иргэдийн зүгээс анхаарал хандуулж, санал санаачлага, арга хэмжээ авч байгаа хэдий ч хүүхэд гэмт хэргийн золиос болох явдал жил ирэх тусам өссөөр байна. Өнөөдөр энд хуулийг гардан хэрэгжүүлдэг бүх байгууллагын төлөөлөл ирсэн тул шалтгаан нөхцлийг тогтоох, цаашид ямар бодлого гаргабал үр дүнгээ өгөх талаар тодорхой ярилцана гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

2006 оноос хойш 13 жилийн дараа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг 2019 оны 05 дугаар 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүний эрхийг хамгаалах талаар Улсын Их Хурлын тогтоол гаргахаар тогтож, холбогдох чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн. Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа сонсголоос гарах тодорхой саналыг тогтоолд тусган, хэрэгжилтийг хангуулах болно хэмээлээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол,Хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар 49,489 дуудлага хүлээн авсаныг Ерөнхий хяналтын сонсголд хийсэн мэдээллийнхээ үеэр дурдсан. Улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв 10 ажиллаж, 2018 онд нийт 1670 хүчирхийллийн хохирогч үйлчлүүлсний 81,9 хувь буюу 1369  нь 0-18 хүртэлх насны хүүхэд байжээ. Хүчирхийллийн хохирогчдын 55 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртсөн байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 500 хохирогчид үйлчилгээ үзүүлсний 435 нь хүүхэд бөгөөд нийслэлийн хэмжээнд хүчирхийллийн хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгцээ өдөр тутам тулгамдаж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ.

Хүний эрхийн суурь зарчимд суурилж ялын бодлогыг чангатгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул Улсын Их Хурлын даргын захирамжаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахлан ажиллаж байгаа ажээ.

 

Саяхан явагдсан судалгаагаар асуулгад хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, түүнээс 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан байна. Давтамжийн хувьд хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь ихэвчлэн гэр бүл, сургуулийн орчинд гардаг байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өглөө.

Асуулгад хамрагдсан 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас), 45.3 хувь нь гэр бүлийн орчноос (өөрийн төрсөн болон хойд эцэг эх, ах эгч, хамаатан садангаас) 16.4 хувь нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газар, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэж хариулжээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн чухал арга хэмжээ нь олон нийтийг соён гэгээрүүлэх явдал бөгөөд энэ нь хүмүүсийн хандлага, зан авир, биеэ авч явах байдал, үнэлэмжид нөлөөлнө гээд боловсролын бүх шатны байгууллагууд, олон нийтийн клуб, соёлын арга хэмжээ, сүм хийд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргүүлж, ойлгуулж байж хүүхдийн эсрэг гэмт хэргийг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бүрдүүлж чадна гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, 2016 онд өмнөх оноос 11.4 хувиар өссөнөөс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд 78.2 хувь болж 6 хувиар өссөн, Онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Хүчиндэх” нийт 176 гэмт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 95.6 хувь нь бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэсэн мэдээллийг сонсголын үеэр өгсөн. Тэрбээр ийм гэмт хэрэгт ялын бодлого өөр өөрөөр шийдэгдэж буйг дурдаад хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг тэмдэглэж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүчингийн гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх олон улсын практик, цаашид авах арга хэмжээний талаар саналаа илэрхийлсэн юм.

Ерөнхий хяналтын сонсголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ,“Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан  төв”-ийг байгуулан ажиллуулж байгаа аж.

Мөн хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий 32 албан хаагчийг бэлтгэж, 2 жилийн хугацаатай Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгон, ажиллуулж эхэлжээ.

Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч 16 даатгалын компаниудад санаачлага өрнүүлсний үр дүнд Санхүүгийн зохицуулах хороонд Хүүхдийн даатгал нэртэй даатгалын бүтээгдэхүүн Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн гэлээ.

Түүнчлэн Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад ахмад настны оролцоог хангаж,  194 хүүхэд хамгаалагчийг нийслэлийн 152 хороо, 21 аймагт ажиллуулж, “Хүүхэд хамгаалагч” төслийг Цагдаагийн ерөнхий газартай хамтран үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгааг сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдсан.

Анхан шатанд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах хүний нөөц дутмаг байна. Орон нутгийн төсвийн хүрээнд нийслэлийн хороод, зарим аймгийн сумдад хөгжлийн нийгмийн ажилтныг ажиллуулж байгаа ч энэ нь хүн амын хэт төвлөрсөн хот суурин газарт 1 хүн хүрэлцэхгүй байгааг сайд онцлоод судалгаагаар наад зах нь 135 нийгмийн ажилтныг нэмэх тооцоо байгааг дуулгасан.

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Ерөнхий боловсролын сургуульд “Хүүхэд хамгааллын бодлого"-той болсон. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, түүнчлэн “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам", “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”-ын хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуульд нийгэм, сэтгэлзүйн хувьд хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх асуудлыг дээрх батлагдсан дүрэм, журмуудад тодорхой тусгасан хэдий ч хүүхдийн тусламжийн 108 утсанд багшийн ёс зүй, үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэй холбоотой дуудлага нилээд хувийг эзэлж байгаа нь хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 395,253 суралцагчаас тэднийг эрсдэлд учруулж болох хүчин зүйл, шалтгааныг тодруулах судалгааг зохион байгуулж, нийгмийн орчин, сургуулийн орчин, гэр бүлийн орчинд суралцагчдад олонх тохиолддог эрсдэлт хүчин зүйлийг тодорхойллоо.

Судалгаанаас харахад эцэг эх нь ажилгүй, орлого багатай байдаг, гэр бүлийн тогтворгүй байдал, гэр нь хөдөө, эцэг эх нь гадаадад хөдөлмөр эрхэлдэг байдал, ар гэрийн хяналт сул зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болж байгааг харж болохоор байна. Иймд хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, тэдэнд учирч болох хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны төлөвлөлт гарган ажиллахад багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагаа чухал байна. Бид эцэг эх, асран хамгаалагчидтай ажиллах арга барилаа өөрчлөх, эцэг, эхийн хурлыг хийдэг уламжлал болсон зохион байгуулалтын ажлаа ч эргэн харах хэрэгтэй болжээ” хэмээсэн.

Тиймээс “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл"-ийг 2019 онд баталж, үлгэрчилсэн чиглэлд ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг нийт захирлуудад үүрэг болгосон байна.

Түүнчлэн Ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл,  Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн Эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт А.Баярцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” Төрийн бус байгууллагын захирал Б.Жавзанхүү нар мэдээлэл хийсэн бөгөөд сонсголд оролцогчид асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол сонсголд оролцон үнэтэй санал гаргасан оролцогчдод талархаж байгаагаа илэрхийлээд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэгт холбогдох саналуудаа ирэх зургадугаар сарын 10-ны дотор албан ёсоор бичгээр ирүүлэхийг хүссэн.

Эцэст нь сонсгол даргалагч оролцогчоос ирүүлсэн саналыг уншиж танилцуулсны эцэст Ерөнхий хяналтын сонсгол өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404