Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгоход ДНБ-ийхээ 10 %-ийг зарцуулдаг болно
3 сарын өмнө

 Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хүрээнд  /2019.05.28/ гурван салбар хуралдаан болсон бөгөөд нэг салбар хуралдаанаар нь “Эрүүл мэнд ба бусад асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Энэхүү хэлэлцүүлгийг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Рикардо Мисиано даргалав.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг санал хэлсэн юм.

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Бүгд Найрамдах Фижи Улсын парламентын гишүүд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцов.  

Хуралдаан даргалагчийн зүгээс тодорхой асуудлыг тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг бусад салбартай уялдуулснаар бүх нийтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд  парламент хэрхэн нөлөөлөх вэ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс орхигдож болох нийгмийн хэсэг буюу эмэгтэйчүүд, хүүхэд залуус, ДОХ-той хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээж байгаа гэдгийг хэрхэн мэдэх вэ зэрэг асуудлыг хэлэлцүүлэгт оруулснаар улс орнуудын төлөөлөгчид энэхүү сэдвийн хүрээнд санал гаргаж, арга туршлагаа хуваалцав.  

Төлөөлөгчдийн зүгээс дэлхий нийтийн болон НҮБ-аас тавьж байгаа эдгээр асуудлыг парламентын гишүүд маш эрчимтэйгээр бодлогын түвшинд гаргаж тавин, шийдвэрлэх ёстой. Эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарынх биш учраас боловсролын салбартай уялдуулах буюу боловсролын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн боловсролыг бүх нийтэд хүргэх, ялангуяа хүүхдэд бага наснаас нь эхлээд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгож явах нь чухал үр дүнтэй байх болно гэдгийг хөндөж байв.

Хүүхдийг аль болох бага насанд нь эрүүл мэндийн боловсролтой болгосноор ирээдүйд гарах зардлыг хэмнэнэ гэсэн саналыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэний нийгмийн төлөөлөгч гаргаж, тэрбээр Вьетнамд арван жилийн өмнөөс чихэрлэг ундааг бага насны хүүхдүүдэд өгөхийг хориглоод үр дүнд хүрсэн, Австралид смарт утсыг хориглосон нь хүүхдүүдэд багаасаа эрүүл мэнддээ анхаарах чухал дадлыг суулгаж байна хэмээн тэмдэглэв.  

Бага боловсролтой хүн эрүүл мэндийн мэдлэг, боловсролоор тааруу байдаг нь батлагдсан зүйл учраас эрүүл мэндийн боловсролыг сургалтын байгууллагаар дамжуулж олгоход парламентын гишүүдийн хүчтэй нөлөөлөл, дэмжлэг,  шийдвэртэй бодлого хэрэгтэй гэсэн саналд бүх төлөөлөгч нэгдэж байлаа.  

Мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудад нөхцөл байдал маш их ялгаатай,  зарим оронд зургаан арал дээр амьдардаг 120 мянган хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхийн тулд зөвхөн завиар сардаа нэг удаа тойрч явах болдог  учир тухайн орны уламжлалт анагаах ухаан дээр нэмэгдүүлж европын анагаахын боловсролыг шингээсэн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг сургалтын байгууллагаар болон эрүүл мэндийн салбараар дамжуулж хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарал хандуулах саналыг гаргаж, хэлэлцлээ.

Түүнчлэн, нөхцөл байдал нь маш их ялгаатай Ази, Номхон далайн орнуудад парламентын гишүүд эрүүл мэндийн боловсролыг бүх  нийтэд хүртээмжтэй хүргэхийн тулд интернет, технологи, инновацийг сайн дэмжиж, зайн оношлогоо, зөвлөгөөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай хүмүүсийг хамруулах асуудлыг ухуулан тавьж, хүчтэй нөлөөг Засгийн газарт үзүүлж чадна хэмээн ярилцав.

Гаргасан, хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр нөлөөг хянахын тулд нээлттэй, ил тод хариуцлагын тогтолцоог бий болгож, үүнд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагыг оруулах замаар үр дүнтэй хяналтын механизмыг бий болгох саналыг мөн хэлэлцэв.

Энэхүү салбар хуралдааны бүх төлөөлөгчид санал  нэгдсэн нэг асуудал нь ДНБ-ий /дотоодын нийт бүтээгдэхүүний/ хамгийн багадаа таван хувь болон түүнээс дээш хувийг, болж өгвөл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал болгож байгаа арав хүртэл хувийг эрүүл мэндийн төсөвтөө зарцуулдаг болох буюу эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хувийг өсгөх санал байв.

Гэхдээ тав, арван хувь гэж заах нь хөгжингүй орнуудад хэрэгжихгүй байх магадлалтай учир улс орон болгонд ялгаатай шалгуурыг тавих саналыг мөн хэлэлцлээ.  Хэдэн хувиар тогтоосон байсан ч тухайн зардлыг оновчтой буюу үр дүн гарах зүйлд зарцуулж, дэмий үрэхгүй байх шалгуур тавих ёстойг төлөөлөгчид онцоллоо.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганытөгсгөлийн баримт бичигт тусгуулах саналаа  “Эрүүл мэнд ба бусад асуудал” сэдвийг хэлэлцсэн салбар хуралдаанаас ийнхүү дүгнэж гаргалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404