ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.05.20-27/
2019/05/27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газарт ажиллав. Тэрбээр “Төрийн аудитын байгууллагын гаргаж буй дүгнэлт үлбэгэр, үйл ажиллагаа сулбагар байна гэсэн шүүмжлэл их байгаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдаж бий болсон орлогын зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага бол танайх. Аудитын байгууллага сайн ажиллавал төсөвт, төрд хулгай байхгүй болдог хуультай.

Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, төрийн хяналт шалгалтын үйл хэрэгт шинэчлэлт өөрчлөлт хийж, хариуцсан ажилдаа амжилт гаргахыг хүсье” гээд УИХ-ын зүгээс Төрийн аудитын тухай хуулийг өөрчилж, цахим тогтолцоонд шилжүүлэх, ажилтнуудын мэдлэг  чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. 2019.05.20 http://www.parliament.mn/n/wsyo

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, "Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ. 2019.05.21

 http://www.parliament.mn/n/iqyo

 

 

Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийЖ, дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. 2019.05.21 http://www.parliament.mn/n/i1yo

 

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Түүнчлэн “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонсов.

Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээс хойш нийтдээ 69 мянган зээлдэгчид 3.3 их наяд төгрөгийн зээл авснаас боловсролын салбарын 9.1 мянга, эрүүл мэндийн салбарын 4.2 мянга, бусад төрийн байгууллагуудын 16.8 мянган албан хаагч орон сууцтай болсон байна.

Тус яамнаас Улаанбаатар хотод 100 мянган айлын, орон нутагт 50 мянган айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна гэж сайд мэдээллээ. 2019.05.21

http://www.parliament.mn/n/snyo

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа.

 

Тус зөвөлгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа байгууллага, төрийн албан хаагчид, ТББ, эцэг эхийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын хөгжлийн үндэс болсон гэр бүл, хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлыг хэлэлцэж буй энэ зөвлөгөөнөөс төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах ажил хэрэгч санал санаачилга олноор гарна гэдэгт итгэлтэй байна. Монголын үр сад нэг бүр хүчирхийллээс ангид баталгаатай, тогтвортой, ээлтэй орчинд өсөж, нийгэмдээ идэвхтэй, аз жаргалтай иргэн болох боломжийг нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая” гэлээ. 2019.05.22  http://www.parliament.mn/n/skyo

 

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Мөн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, Байнгын хорооны даргаар сонгуулахаар МАН-ын бүлгээс санал болгон нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. 2019.05.22

http://www.parliament.mn/n/sqyo

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комисст ажиллав.  

Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсанаас хойших 19 жилийн хугацаанд ирж, ажил байдалтай нь танилцаж байгаа  анхны УИХ-ын дарга болсон тэрбээр, “Хүний эрх гэдэг бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр хэн нэгнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж байгаа бол маргааш магадгүй өөрийг чинь ч хохироож магадгүй учраас хүний эрхийг хамгаалах нь бидний үүрэг юм гээд ниргэсэн хойно нь хашгирах биш, урьдчилан сэргийлж, гарсан зөрчлийг тэр даруйд нь ил тод, шуурхай мэдээлж, шийдвэрлэдэг болохын тулд УИХ-аас бүхий л талаар дэмжиж ажиллана гэлээ.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс ажиллалаа. 2019.05.22

http://www.parliament.mn/n/ssyo

 

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Мөн хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулан байгууллаа.

 

Хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, Өргөдлийн байнгын хороотой хамтарсан “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонссоноор үргэлжлэв. 

2019.05.22 http://www.parliament.mn/n/s1yo

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд очив. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, удахгүй тохиох гэж буй банкны салбарын 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.

Түүнчлэн Төвбанк мөнгөний бодлогоо бие даан явуулж ирсэн. Бодлого шийдвэрт алдаа, оноотой зүйл байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “саарал жагсаалт”-д хэрхэвч орохгүй байх, инфляцийг нам түвшинд барих, валютын ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулах болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж санууллаа.

2019.05.22  http://www.parliament.mn/n/s6yo

 

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 23-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонголоо. Мөн  Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн УИХ-ын тогтоол баталж тус түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг чөлөөллөө.

Хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

2019.05.23 http://www.parliament.mn/n/zsyo

 

 

Жанжин Сүхбаатарын талбайд болж байгаа ‘’Номын баяр-2019’’ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Уг баяр жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн  номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй  эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг Төв талбайгаасаа томоор харах боложмийг хүүхэд багачуудад олгож байгаа зохион байгуулагчдад баяр хүргэж, талархлаа илэрхийлсэн юм.

2019.05.23 http://www.parliament.mn/n/anyo

  

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Ицүка Акио тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлээд 1990 оны зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг дурдав. Мөн тэрбээр Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухитог хаан ширээнд заларч, шинэ “Рейва” тоолол эхэлсэнд баяр хүргэсэн юм.

2019.05.23 http://www.parliament.mn/n/agyo

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа. “Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн монгол хүнийг элэгний хавдрын өвчлөлөөс сэргийлж, С вирустэй хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх буянтай үйлс хэрэгжүүлсэнд нь талархал илэрхийлэв. 

Ноён Бен Кемарк “Архангай аймагт элэгний эмгэгийг оношлон илрүүлэх, С вирустэй иргэдийг “Харвони” эмээр эмчлэх төсөл маань амжилттай хэрэгжиж дууссаныг мэдэгдээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж дэмжиж, чин сэтгэл, зүтгэл гарган хамтарч ажилласан аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.

2019.05.23 http://www.parliament.mn/n/akyo

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэж буй асуудлаар чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаан хүртэл завсарлага авах хүсэлт гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авсан юм. ҮргэлжлүүлээдМонгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2019.05.23 http://www.parliament.mn/n/aqyo

 

УИХ-ын чуулганы 05 дугаар сарын 24-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Мөн  Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 2019.05.24 http://www.parliament.mn/n/3qyo

 

УИХ-ын чуулганы 05 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцын талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.

Мөн УИХ-аас тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Олон Улсын Парламентын Холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл өгөв.

Дараа нь  Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. 2019.05.24http://www.parliament.mn/n/36yo

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404