Ж.Батзандан: С.Эрдэнэ Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө ах дүү хамаатан садандаа өгсөн
2019/05/25

“Найрамдал” зуслангийн газар алдагдсантай холбогдуулан тус газраас улс төрчид газар авсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө болон хүү, ээж нь Найрамдал зуслангийн газраас хумсалсан нь баримттайгаа гараад байгаа. Гэвч тус газраас нэр бүхий улс төрчид ч мөн газар авсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат нарын нэр байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа

-Та “Найрамдал” зусланд газар авсан юм уу?

– УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Найрамдал зуслангаас газар авсан гэх хуурамч гүтгэлэг мэдээ явсан байна. Хэрвээ гэрчилгээ нь байгаа бол гараад ир, үнэгүй өгье. Ер нь С.Эрдэнэ гэдэг хүн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жил Найрамдал зуслангийн газрыг тарааж өгсөн гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Хулгай нь баригдаад ирэхээр нь хуурамч нэр тавьсан бичиг гадуур тарааж байна. Харин жинхэнэ газар авсан хүмүүс нь Б.Хурцаас эхлээд С.Эрдэнийг хамаатан садангууд байх шиг байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс жинхэнэ нэрийг нь гаргаж дэлгэе. Хариуцдагатайгаар мэдэгдэхэд Ж.Батзандан, Л.Болд нар Найрамдал зусланд нэг см ч газар байхгүй.

-Танай ах ИНЕГ-ын дарга болох гэж байгаа юм уу?

– Манай ахыг МИАТ-ийн дарга, ИНЕГ-ын дарга болох гэж байна гээд их л ярих юм. Тэр хүн одоо гэртээ сууж байна. Яг болчихсон байвал надад хэлээрэй за. Худал гүтгэлэг, хуурамч мэдээлэл монголоор дүүрэн явж байна.

– С.Эрдэнэ гишүүнийг хамаатан садангууддаа тараасан гэдгийг яаж батлах вэ?

-Найрамдал зуслан НХХЯ-ны харьяалалд байдаг . Тиймээс тэнд зөвхөн сайдын эрх мэдлийн хүрээнд газар олголт явагдсан гэх мэдээлэл надад байгаа. Засгийн газар, Ерөнхий сайд ч гэсэн энэ талаар хэлсэн байна билээ. Жирийн иргэдэд хашаа барих газар олдохгүй байхад эрх мэдэлтэй дарга нар Б.Хурц, С.Эрдэнийн хамаатнуудаас эхлээд бүгд Найрамдал зуслангийн газраас хулгай хийсэн байна.

-Тэгэхээр С.Эрдэнэ өөрөө, хүү нь, ээж нь 4га газар авсан гэх мэдээлэл үнэн гэсэн үг үү?

-Ер нь хүүхэдтэй холбоотой барилга байгууламж, газар болгоныг хусдаг нэг хүн гараад ирсэн шүү дээ. Үүнийг сайн шалгаарай. Сүүлдээ ичсэн хүн хүн ална гэгчээр хулгай нь баригдаад ирэхээр өөр хүмүүсийн нэрийг бичсэн цаас гаргаж тавьж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404