УИХ-ын гишүүд босч үг хэлдэг болох хуулийн төсөл дэмжигдсэнгүй
2019/05/22

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байнгын хороо, чуулганы дэгт өөрчлөлт оруулах юм. Хуулийн төсөл нь зургаан зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж байгаа юм байна. 

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

  1. УИХ-ын нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны үндсэн зарчимд УИХ хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоож байх зарчмыг нэмж тусгах;
  2. Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх;
  3. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох;
  4. Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах;
  5. Шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх;
  6. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх;
  7. УИХ-ын даргахууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж, харин УИХ-ын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг өргөн мэдүүлмэгц нь УИХ-ын гишүүдэд тарааж байх;
  8. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх;
  9. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр хэлэлцэж байх;
  10. Төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх;
  11. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд УИХ-ын Тамгын газар дүгнэлт гаргаж байх;
  12. УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;
  13. Нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бол төслийг эцсийн найруулга хийлгэж батлахад бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлж байх;
  14. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргах, хуралдааны дэгийн заалтаар тайлбар хийх, хуралдааны дэг зөрчигдсөн асуудлаар хуралдаан даргалагчид зөвлөх, тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх дэгийг тогтоох санал, дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дотоод асуудлын Байнгын хороотой холбогдсон зохицуулалтыг тусгах;
  15. Гишүүн хуралдааны дэгийгдагаж мөрдөх, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон журам, зохицуулалтыг тодорхой болгох, тодорхой хариуцлага хүлээсэн гишүүн тухайн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар боловсруулсан байна. Гэвч хуулийн төслийг хэлэлцэж дууссаны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд чуулганы хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэхээр болсноор байнгын хороо хуралдаж дууслаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404