МУ иргэн Ш.Алтантуяагийн ээлжит шүүх хурал Куала Лампур хотноо болно
2019/05/14

Малайзын түүхэн дэх хамгийн учир битүүлэг, аймшигт аллагын золиос болж, 27 насандаа харийн нутагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн ээлжит шүүх хурал Куала Лампур хотноо боллоо. Өчигдрийн шүүх хуралд Ш.Алтантуяагийн аллагын гол сэжигтнээр шалгагдаж байсан улс төрийн шинжээч Разак Багиндагийн хувийн нарийн бичгээр ажиллаж байсан Сити Айся Мохд Азлан мэдүүлэг өгсөн талаар “www.malaysia-today.net” сайт мэдээлжээ. 

 Нарийн бичиг мэдүүлгийнхээ эхэнд “Багинда 2006 оны арваннэгдүгээр сарын 11-ний орой намайг гэнэт ажлын өрөөндөө дуудаж, таагүй зүйл болсон тухай хэлсэн. Тэрбээр сандарсан янзтай “Амина "Ш.Алтантуяа" нас барчихаж. Азила түүнийг хөнөөчихөж” гэж хэлсэн. Аллага болохоос нэг өдрийн өмнө хохирогч нэг бус удаа Багиндатай уулзахаар ажил дээр ирсэн. Тэд ганцхан удаа л биечлэн уулзсан. Тэд гуравхан минут л ярилцсан. Би санамсаргүйгээр тэдний яриаг сонсоход Багинда хохирогчид хандан “Би чамд ямар ч хамаагүй. Чиний юу хийх надад огт хамаагүй” гэж хэлсэн. Удалгүй Багинда ажил руу орж ирсэн бол хохирогч хэсэг оффисын гадна байгаа харагдсан. Дараа нь Багинда ажлаасаа гараад явсан. Багиндаг явсаны дараа хохирогч гурван удаа ажил дээр ирж, түүнтэй холбоо барьж чадахгүй буйгаа хэлээд надад зурвас бичээд үлдээсэн. Би тэр зурвасыг уншаагүй шууд Багиндад өгсөн. Азали бол Багандигийн туслах. Багинда түүний гэр бүлд их тус хүргэсэн. Байр хүртэл авч өгсөн. Багинда хохирогчийг хөнөөхийг түүнд тушаагаагүй”  гэж ярьжээ.

 Аллагын захиалагч өнөөг хүртэл нууц байгаа нь уг хэрэг жирийн аллага бус "улс төрийн зохион байгуулалттай аллага" гэж хохирогчийн гэр бүл үзэж, Малайзын эрх баригчдаас охиныхоо амийг нэхсээр байна. Ш.Алтантуяа амиа алдахаасаа өмнө Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байжээ.

 “Малайзын Засгийн газар Францаас “Скорпион” шумбагч хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд хохирогч орчуулагчаар оролцсон нь батлагдаад буй юм. “Нууцын зэрэглэлд явагдсан уг гэрээний талаар мэдэж байсан хөндлөнгийн ганц хүн нь Ш.Алтантуяа. Тэрээр хэтэрхий их зүйлийг мэдэж байсан учир амиа алдахад хүргэсэн байж болзошгүй" гэж Малайзын хүний эрхийн өмгөөлөгч Синтия Габриэль мэдэгдсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404