Сумны хайрцагт цемент хийж лацадсан байжээ
5 сарын өмнө

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд байлдааны зориулалттай их хэмжээний сум хууль бусаар борлуулдаг бүлгийнхнийг илрүүлэн шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс 50 000 орчим сумыг цагдаагийнхан хурааж авсан бөгөөд “Нарантуул”, “Хархорин” зах болон бусад газарт АКМ, винтов, “ТОЗ-8” буунд зориулсан сум нууцаар борлуулж байсныг нь тогтоосон юм. Өдгөө энэ хэргийн гол зохион байгуулагч таван хүнийг яллагдагчаар тооцон цагдан хориод буй аж. Тэд сумныхаа нэлээд хэсгийг хилээр оруулж ирсэн хэмээн мэдүүлж буй бөгөөд хаагуур, хэрхэн нэвтрүүлснийг тогтоохоор ажиллаж буй юм билээ. Мөн заримыг нь цэргийн ангиудаас авсан нь батлагдсан байна. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сумны наймаачдыг шалгах явцдаа дээрх хэргийн холбогдогчид хилийн цэргийн ангиас их хэмжээний сум хууль бусаар авч, борлуулж байсныг тогтоосон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр цэргийн ангийнхан сумаа нарийвчлан тоолдоогүй, жинлэж үзээд тоо нь бүрэн гэж тооцдог байж. Гэтэл хилийн цэргийн зарим ангиас алдсан сумны төмөр хайрцагт сумны жинтэй ойролцоо хэмжээтэй цемент хийж лацадсан байсан нь үзлэг тооллогын явцад тодорхой болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404