Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэв
2019/05/08

Үндэсний бичиг үсгийн баярыг улс орон даяар 16 дахь жилдээ “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнол” уриан дор энэ сарын 3-8-нд тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү баярыг энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний номын сан,  Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг орон нутгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллага хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулснаараа онцлогтой.

Нээлтийн үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хуулийг дээдлэн мөрдөж, үндэсний бичгээр хэрэглээний байнгын орчин бүрдүүлж буй “Хүмүүн бичиг” сонин, үлгэр жишээ хаяг бүтээсэн Нийслэлийн ерөнхий боловсролын Гуравдугаар сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгийг үндэсний бичгээр бүтээсэн МИНПРО ХХК-ийн Таван нүдэн брэнд, Ялгуун Аксесорис ХХК-ийн Ялгуун брэнд, Живэртийн Оргил ХХК-ийн Шар доктор брэндийг тус тус шагнаж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан юм6

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаар эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг аймаг, нийслэлийн номын сан, их, дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулав. Тухайлбал, соёлын нандин өв, эх хэлний дархлаа болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх уншигчид, сонирхогчдод Монголын Үндэсний номын сан хөмрөгөөс “Үндэсний бичиг үсгийн баяр” сэдэвт номын үзэсгэлэнг 120 гаруй нэрийн номоор гаргаж нийтэд толилуулсан юм.

Мөн монгол хэл бичиг, утга соёл судлалын чиглэлээр дагнасан судалгаа хийдэг мэргэжлийн  байгууллага, монгол хэл бичгийн багш, мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль хамтран “Үндэсний бичиг-Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Түүнчлэн “Бичиг соёл” үзэсгэлэнг МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 10-нд нээх юм. Энэ жил тус үзэсгэлэнгийн 11 жилийн ой тохиож байгаа бөгөөд үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Франц болон Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай аймгаас нийт 50 гаруй уран бүтээлч оролцох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404