Байгалийн түүхийн музейн газарт долоон давхар музей барина
2019/05/03

Хуучин Байгалийн түүхийн музейн газар дээр шинээр Монголын соёл, хаадын музей барихаар төлөвлөж байгааг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. “Байгалийн түүхийн музейн газарт долоон давхар музей барина. Энэхүү музейн барилгын зураг төслийг улсын төсвийн хөрөнгийн 280 сая төгрөгөөр хийсэн. Ерөнхий сайдын өгсөн чиглэлээр Төрийн ордныхоо дэргэд, гадаад дотоодын зочдод үзүүлэх, монголын түүх, соёлыг харуулсан хаадын музей байгуулахаар болсон. Төсөвт хөрөнгө байхгүй тул, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн асуудлыг хөөцөлдөж байна. Одоо байгаа газар нь Байгалийн түүхийн музейг барихад хүндрэлтэй асуудал байгаа юм. Учир нь үлэг гүрвэлийн том том яснуудыг байрлуулах хангалттай том музей барих боломжгүй байна. Тиймээс Байгалийн түүхийн музейг шинээр Их тэнгэрийн аманд байгуулах шийдвэр гаргасан. Ингэснээр, дарга нар ордог гэх ойлголттой Их тэнгэрийн аманд музей барьж, олон нийтэд нээлттэй болгох юм. Байршлын хувьд ч байгалийн цогцолбор газарт байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Засгийн газрын энэ сарын 1-ний ээлжит хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох албаныханд даалгасан юм. Тодруулбал, тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болгосон. Байгалийн түүхийн музейг 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулжээ. Музейн барилгыг 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх барьсан бөгөөд  мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан юм. Улмаар 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейг олон нийтэд үйлчлэхээ зогсоосон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404