Х.Баттулга: Бидний түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах хүн байхгүй билээ
2019/05/01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” студитэй хамтран “Чулуун шастир” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 7-ны өдрийг хүртэл дэлгэж байгаа  аж. Үзэсгэлэнг нээж МУ-ын Ерөнхийлөчг Х.Баттулга үг хэлсэн тэрээр 

"Бичиг үсэг бол үндэстний түүх, өв соёлыг үеэс үед дамжуулагч, тээгч нь бөгөөд сэтгэлгээний цар хүрээ, чадварыг илтгэн харуулдаг гайхамшигт дурсгалууд билээ.

Нийтийн тооллоос өмнөх 25 мянган жилийн тэртээгээс хүмүүс хад, чулуун дээр зурган мэдээлэл үлдээсэн нь урлагийн сонирхолтой баримт төдийгүй бичиг үсгийн түүхийн эхлэл юм байна. Бичиг үсэг нь Зураг бичиг, Утга бичиг, Авианы бичиг зэрэг түүхэн үе, хэлбэрүүдийг дамжсан байна.  Монгол нутгаас бичиг үсгийн бүхий л хэлбэр, дурсгалууд арвин олддог.  Манай нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн тэр дундаа хүний хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн гэсэн үзлэг тооллогын дүн гарсан байна.

Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн чулуун судар шастирын дурсгалуудаар уран бүтээлчид, судлаач эрдэмтэд Чулуун шастир үзэсгэлэн гаргасныг нээхээр Та бид хуран цуглаад байгаа билээ. Үзэсгэлэнд тавигдсан дурсгалуудаас заримыг цохон дурдмаар байна. Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Шаахар хэмээх газраас олдсон хадны зураг дурсгал байна. Аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагыг тодорхой дүрсэлсэн нэн чухал үзмэр. Энэ хадан дээр эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Онцлон үзэх дүрслэл нь олуулаа ан хийж буй анчид. Тэд бүгд монголын уламжлалт юүдэн малгай өмссөн байгаа нь цэрэг эрс агаад нүүдэлчдийн соёл одоог хүртэл тасраагүйг илтгэх бололтой. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан, цаашид судалгаа хийх арвин өгөгдөлтэй дурсгал юм. Үзэсгэлэнгийн нээлтийг далимдуулаад нэгэн зүйл захихад хүүхэд багачууд гэлтгүй иргэд маань эх түүх, соёлынхоо дурсгалд хүндэтгэлтэй хандаж, хадны зураг бичээсийг эвдэн сүйтгэхгүй байх, хайрлан хамгаалах, хадгалан үлдээх сэтгэл, танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаарай гэж хүсье. Бидний түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах хүн байхгүй билээ" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн хүмүүстэй хамт бүтээлүүдийг үзэж сонирхов.

 

 

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404