Засгийн газрын хуралдааны товч мэдээ /2019.05.01/
2019/05/01

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан аар хэлэлцсэн асуудлын талаар товч мэдээлж байна. 

-  Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяаны “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.

-  Үлийн цагаан оготны хөнөөлийг багасгах зорилгоор 645 мянган га талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд даалгав.

-  Худалдан авах ажиллагааг яаралтай байгуулж, 06 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэгчтэй гэрээ хийж дуусган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулах төсөл, арга хэмжээий зураг төсөл, ТЭЗҮ зэргийг  05 дугаар сарын 06-ны дотор тус газарт хүргүүлэхийг үүрэг болголоо.

-  2018 оныг дуустал орон нутгийн төсвөөс олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн өр төлбөрийг эхний хагас жилд багтаан орон нутгийн нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 2018 оны эцийн байдлаар найман дүүрэг, 10 аймгийн халамжийн сангийн төсөв 7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарчээ.

-  Газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Манай улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна.

-  “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана. 

-  БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зороилготой юм. Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж Манжуурт зорчжээ.

-   Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох бэлтгэл хангах, Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа бараа, тоног төхөөрөмж, хэрэглэлийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404