Богд Жавзандамба хутагтын ховор цуглуулгууд дэлгэгдлээ
2019/05/01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд ийнхүү үзэсгэлэнг дэглэжээ. 

Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурханы шашны тэргүүн, оройн чимэг охь манлай төдийгүй 1911-1915 онд Монгол Улсын Шашин төрийг хослон барьсан хаан, 1915-1920, 1921 оны 2 сараас 7 сард Автономит Гадаад Монгол Улсын хаан, 1921 оны 7 сараас 1924 оны 5 сард Монгол Улсын Хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байв. Түүний үлдээсэн өв цаглашгүй арвин бөгөөд тус  үзэсгэлэнд Жибзундамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьсан аж.

 



 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404