Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн 220 тэрбум 276 сая 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн нэгдүгээр сард түүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүхээс Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан бөгөөд Прокуророос эсэргүүцэл бичиж, эргээд шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа ч баттай биш юм.
Ш.Батхүүгийн Эрдэнэтийн хэргээс гадна Г.Алтан түүний хүү Сүрэн нартай хуйвалдан Төрийн банкийг хохироосон хэрэг ч шүүхээс Прокурорт буцаагаад байгаа гэнэ.
"Жаст"-ын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон хэрнээ эргээд гарсан байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх тоон баримтад гарын үсэг зурах эрхтэй бөгөөд үүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой байтал тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага болох Ч.Ганзориг ТУЗ-өөсөө зөвшөөрөл авалгүйгээр хэргийг шийдчихсэн байдаг. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамтад нь аль 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн боловч өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагууд энэ мэтээр хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна.
Аль 6 жилийн өмнө үүссэн Эрүүгийн хэрэг ийнхүү өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаагаас үзэхэд тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаанд тулган хэрэгсэхгүй болгож нэг үгээр хэлэхэд Ш.Батхүү нарыг цагаатгах нөхцөл үүсэхээр байгаа юм.
Эцэст нь Ш.Батхүү, Г.Алтан нарын балгаар Төрийн банк их хэмжээний хохирол амсаж, Эрдэнэтийн хэргээс Засгийн газар 40 сая долларын авцаатай үлдэж байна. Гэвч Ш.Батхүү эзэмшиж байсан бүх хөрөнгөө найз нөхөддөө тарааж нэр дээр нь шилжүүлсэн бөгөөд тухайлбал, “Жаст ойл” нь Магнай трейдийнх худалдан авсан. “Олон овоот” нь Г.Алтанд, “Хадгаламж” банк нь Төрийн банкинд шилжсэн.
Тиймээс Ш.Батхүү Засгийн газрын 40 сая долларыг төлөх нь үлгэр болж байгаа бөгөөд өнгөрсөн процессуудаас харахад Ш.Батхүү, Ч.Ганзориг, С.Баяр, Г.Алтан гээд луйврын бүлэглэлийнхэн энэ бүхнийг эртнээс төлөвлөн төлөвлөгөөнийхөө дагуу үе шаттай ажилласан болж байна. Иргэдийн эх оронч өнцгөөр асуудлыг харвал, ганц Батхүү биш буруутай бүх этгээдээс хөрөнгийг нь хураах замаар улсыг хохиролгүй болгох ёстой.