Тавантолгойг хөдөлгөх тогтоолын төслийг батлав
2018/06/30

УИХ  Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх тогтоолын төслийг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталлаа.

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр ЭТТ компанийн 84 хувийг эзэмшигч Эрдэнэс Монгол компанийн 49 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг Ардчилсан намын бүлгээс гаргасан нь гишүүдийн дунд талцал маргаан үүсгэсэн юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Эрдэнэс Монгол компанийн 49 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргаж оруулж ирсэн ч УИХ дээр унасан учраас 34 хувийг нь иргэдэд эзэмшүүлэх асуудлыг судалж, оруулж ирээч ээ гэж санал гаргаж байна. Хэрвээ Эрдэнэс Монгол компанийн 34 хувийг иргэд эзэмшиж байвал хяналт тавих боломж бүрдэнэ" хэмээн хэлэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна. Засгийн газрын санаачилж оруулж ирээгүй зүйлийг цөөнх улстөрийн зөвшилцөл нэрээр оруулж ирж байна. Гуя дагаж хүзүү гэдэг байсан бол сөрөг хүчин хүзүү дагуулж гуя оруулж ирж байна. Энэ саналыг нь дэмжвэл дараа нь ард түмний өмнө буруудна шүү гишүүдээ" гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дотор чинь Эрдэнэс Монгол компанийг байхгүй болгох заалт ороод ирсэн байна. Тогтоолыг нь сайжруулъя гээд санал гаргахаар хадуураад явчих юм. 10 жилийн өмнө хачин сүртэй байгуулсан компани чинь өнөөдөр зам арчлалтын компани болчихоод байна. Гуя дагаж хүзүү гэж та нар намайг шоолоод байна. Харин та нар хүзүү дагуулж гуяа алга болгох гэж байна шүү" гэлээ. 

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар/Эрдэнэс Монгол компанийн 34 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх тухай/ санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн 30.9 нь дэмжиж, санал дэмжигдсэнгүй. Зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүйтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга М.Энхболд "Дэгийн тухай хуулийн дагуу энэ асуудлаар завсарлага авах боломжгүй. Мөн хаврын чуулган хуулийн дагуу долоодугаар сарын 1-нд завсарлах ёстой" гээд Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хурааж баталсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404