“Нарт-Хангай” төвөөс 2 хүүхэд оргож хөлдсөнийг О.Алтансүх тас нуусан байжээ
2019/04/17

Хүний эрхийн комисс 2018 оны 12 сарын 13 ны өдөр  иргэдийн гомдол мэдээллийн дагуу  Багахангай дүүрэг дэх Нарт-Хангай хүүхдийн сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан тэрээр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүхэд шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад тус газрын харьяа "Нарт Хангай" хүүхдийн хөгжил сургалтын төвийг холбогдох албан тушаалтнууд эрх хэмжээгээ хэтрүүлэн МУ-ын хууль тогтоомж зөрчиж, эрхзүйн үндэслэлгүй захирамжаар  тус төвийг байгуулсныг дурдаж, тус төвийн байр нь эрүүл ахуйн орчин хангалтгүй бөгөөд хүүхдүүд хоорондоо маргалдаж зөрчилдөх  төдийгүй бага насны хүүхдүүдэд өсвөр насныхан нь бэлгийн дарамт үзүүлэх, ажилтнуудын зүгээс хүүхдүүдийг зодох дарамтлах эрсдэл маш өндөр байгааг анхааруулж, ГБХЗХГ-аас энэ талаар анхаардаггүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх  төлөвлөгөө хөтөлбөр огт  байхгүй байгааг сануулжээ. 

ГБХЗХГ-ын дарга  О.Алтансүх Баганхангай дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулан ямар ч хяналтгүй, эрхзүйн зохицуулалтгүйгээр Нарт-Хангай төвийг  байгуулж  377 сая төгрөгийг зарцуулсан  байна. Тус төвийн хана тааз нь цууралт өгсөн, чийгшил ихтэй, эм эмнэлгийн анхан шатны тусламжийн хэрэгсэл байхгүй, хүүхдүүд бие махбодийн болон сэтгэл санааны дарамт ихтэй, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй мөн хүүхдийн эцэг эхтэйгээ харилцаа холбоотой байх эрхийг нь зөрчсөн зэрэг ноцтой зөрчлүүдийг  ХҮЭК-ынхон дүгнэлтэндээ дурджээ.

Хамгийн ноцтой нь, хүүхдийн эрхийг  зөрчдөг уг төвөөс өнгөрсөн 12 дугаар сард 2 хүүхэд оргож хөлдөлтийн байдалтай олдсоныг О.Алтансүх яаманд мэдэгдэлгүй тас нууж, төвийн үйл ажиллагааг хаасан байна. Тиймээс  "хууль бус шийдвэр гарган хүүхдийн  эрхийг зөрчсөн үр дүнгүй үйл ажиллагааны хариуцлагыг О.Алтансүх  дарга  хүлээх ёстой" гэжээ.  ХҮЭК-ын дээрх дүгнэлтийг яамны сайд нь бодвол мэдсэн л байлгүй. Гэвч ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хариуцлага хүлээх нь бүү хэл сайдын өмөгт багтан энэ мэт хүүхдийн эрх зөрчсөн үйл ажиллагааныхаа болон төсөв санхүүгийн зөрчлөө баллуурдаж суугаа сурагтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404