Энэтхэгийн мужид интернэтийг хаалаа
2018/06/30

Онлайн орчин тарсан цуурхалд итгэсэн иргэд гурван хүний амийг хөнөөсний дараа Энэтхэгийн зүүн хойд мужийн эрх баригчид интернэт сүлжээг хаахад хүрсэн байна.

Сүүлийн саруудад Энэтхэг даяар иймэрхүү аллага 25 удаа гарсан нь бүгд WhatsApp мессэнжэрээр тарсан цуурхалтай холбоотой юм.

Аллага гарсан Трипура мужийн цагдаагийн төлөөлөгч Смирити Ранжан Дас “Цуурхлыг зогсоохын тулд мужийн захиргаа интернэт сүлжээг 48 цагийн хугацаанд хаах шийдвэр гаргалаа” гэж мэдэгджээ.

Пүрэв гарагт мужийн захиргааны төлөөлөгч нэгэн тосгоны иргэдэд цуурхалд автахгүй байх ухуулга хийж яваад алагдсан юм. Чанга яригчаар ухуулга хийж явсан Суканта Чакраборти руу мод, чулуу барьсан иргэд довтолж амийг нь хөнөөжээ. Түүнтэй хамт явсан жолооч зодуулж, хүнд гэмтсэн байна. Тэр өдөр өөр өөр газарт хоёр ийм аллага гарсан юм.

Цагдаа нар халдлага яагаад гарах болсон шалтгааныг шалгаж байна.

Энэтхэгийн алслагдсан тосгодын иргэд гадуур хүүхдийн хулгайч нар явж байгаа гэсэн цуурхалд итгэн тосгондоо ирсэн гадны хүмүүсийн амийг хөнөөх болсон юм. Тэд өөр хэл аялгатай, зүс царайтай, танихгүй хүнтэй тааралдвал шууд хүүхдийн хулгайч гэж харддаг болсон байна.

Трипура мужийн захирагч Биплаб Дэб хуурамч мэдээ, цуурхал тарааж байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэр сөрөг хүчнийхэн цуурхлыг дэврээж, улс төрийн тогтворгүй байдал зориудаар бий болгож байгааг буруутган шүүмжилжээ.

Энэтхэг улс нэг тэрбум гаруй гар утасны хэрэглэгчтэйн 478 сая нь ухаалаг гар утас хэрэглэдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404