Чингисийн өв соёлоо хамгаалах, хөгжүүлэх шийдвэр цагаа олсон
2019/04/15

Олон жил яригдсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэрлэлээ.  Их хаантай холбоотой асуудалд Монгол төрийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болох, Чингис хаан судлаач гадаад, дотоодын түүхч, эрдэмтэн, судлаачдын оролцоог нэг чигт хандуулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан.

Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО гэхэд бодлогоор Чингис хаан судлалд онцгой анхаарч, их хэмжээний санхүүжилт гарган судалгааны олон чиглэлээр ажиллаж Чингис хаан судлалыг ӨМӨЗО-нд төвлөрүүлэх хандлагатай болсон. Дэлхий нийтэд ч Чингис хаан, 13-р зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. Тиймээс энэ шийдвэр тун цагаа олсон шийдвэр юм. 

Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй болсноор Чингис хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох бөгөөд нөгөө талаас түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркийг Хэнтий аймагт байгуулахаар, тус аймгийг түүхэн аялал жуулчлалын өлгий нутаг болгохоор тусгасан юм.

Тиймээс Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулагдах юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404