ЖДҮХС-гаас зээл авсан 216 зээлдэгчийг хамарч шалгалт хийжээ
2019/04/15

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээд, нэр бүхий албан тушаалтнуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамааралтай мэтээр үндэслэлгүйгээр холбогдуулах, шалгагдаж буй хэрэг материалыг хаасан мэтээр нийтэд мэдээлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц, эх сурвалж нь тодорхойгүй буруу ташаа мэдээлэл ихээр тарааж байгаатай холбогдуулан АТГ-аас сэтгүүлчид болон олон нийтийг  мэдээллээр хангаж байна. 

Тэрээр ЖДҮХС-гийн  хэргийг шалгаж эхэлснээс хойшх хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тойм мэдээллийг өглөө.

"Хэвлэл,мэдээллийн хэрэгслээр 2018 оны 10 дугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд болон зарим албан тушаалтнууд ЖДҮХС-гийн хөрөнгийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгуулсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны хувьд аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжилт зээлийн санхүүжилтийг шалгах, нэр холбогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус оролцоо байгаа эсэх, мэдээллийг нэг бүрчлэн шалгах зэрэг ажлын  цар хүрээ өргөн байсан. Ийм өргөн цар хүрээтэй хэргийг дангаар богино хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх хүн хүчний боломж бага байсан зэргийг харгалзан Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаа өнгөрлөө. ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд  2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон  зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

ЖДҮХС-гийн зээлийг олгохдоо

  • сайдын хоёр удаагийн тушаалд хамрагдаж зээл авсан иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдсан эсэх

  • төсөл зорилтот бүлгийн этгээдэд очсон эсэх

  • сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, мэргэжилтнүүдээс нөлөөлсөн эсэх,  тэдний хамаарал байгаа эсэхийг шалган тодруулах ажлыг хийж байна.

Түүнчлэн шалгарсан 216 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь очиж баримтжуулах, үзлэг нэгжлэг хийх, санхүүжилтийн баримт, мөнгөний зарцуулалтад аудитын шалгалт, шүүх ня-бо, санхүүгийн шинжилгээ хийх, зээлийн барьцаалбарыг зохих журмын дагуу хийж үнэлсэн эсэх зэргээр төсөл тус бүрт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, эрх бүхий шинжээчийн бүрэлдэхүүн, хөрөнгийн үнэлгээний эрхтэй компани, тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг татан оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404