“ШEЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилж байгаа нь хараат бус байдлыг алдагдуулж байна"
2019/04/12

Судалгаанд хамрагдсан шүүгчдийн дийлэнх хувь нь шүүгчийг сонгон шалгаруулдаг ШEЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилж байгаа нь хараат бус байдлыг алдагдуулж байна гэж үзжээ. Мөн энэ зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх шаардлагатайг хэлж , гишүүнийг томилоход Хууль зүй, дотоод хэргийн сайдын буюу улс төрийн албан тушаалтны санал ордог нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх болсон гэж дүгнэсэн байна.

Энэ бол “Оюуны инноваци” төвөөс шүүгчийн хараат бус байдлын талаар явуулсан судалгааны дүн юм. Судалгаанд 280 гаруй шүүгч хамрагдсан бөгөөд шүүгчийг сонгон шалгаруулах, томилохтой холбоотой санал зөвлөмжийг гаргажээ. Тэд өнөөдөр хэрэгжиж буй шүүгчийн сонгон шалгаруулалт үр дүнтэй, шударга байж чадахгүй байна гэж үзэж байгаа аж. Тухайлбал, шүүгч сонгон шалгаруулах хэлэлцүүлэг хаалттай, олон нийтэд мэдээлэх цахим хуудас дээрээ мэдээллээ тавьдаггүй зэрэг зөрчил гардаг байна.

Тиймээс дараах зөвлөмжийг гаргажээ.

ШEЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилохыг хүчингүй болгох

ШEЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх

Шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох

ШEЗ дээр нэр дэвшигчтэй ярилцлага хийж, хамгийн өндөр оноо авсан гурван хүнтэй ярилцлах

ШEЗ-ийн шүүгчийг томилох, чөлөөлөөх, огцруулах хуралдаан ил байх

Нээлттэй нийгэм форумаас гурван долоо хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлж батлуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад дагалдах хуулиудын талаар судлаачдын саналыг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ талаар тус форумын Эрхзүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаагаас тодрууллаа.

-Танайх өмнө нь шүүгч нарыг тойрсон асуудлаар бодлогын судалгаа хийж байсан. Үүнээс өөр үү?

-Нээлттэй нийгэм форум 2015 онд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хийсэн бүрэн шинжилгээ хийсэн. Үүгээр дамжуулаад шүүгчийн хараат бус байдлын баталгаа хэр хангагдсан талаар, мөн шүүгчийн томилгооны өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, тулгамдаад байгаа асуудлыг судалсан юм. Тухайн үед бодлогын зөвлөмжүүдийг хэлэлцүүлж, санал хүсэлт хүргүүлж байсан ч харгалзаж авч үзээгүй. Бодлого боловсруулагчид анхааралдаа аваагүйн үр дагаврыг бид өнөөдөр хараад сууж байна. Гурван долоо хоногийн өмнө гарсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад дагалдах хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүдтэй холбогдуулан үүнээс өөр бодлогын хувилбар байгаагүй юу гэдэгт бид хариу өгөхийг зорьж байгаа. Өнөөдөр танилцуулж байгаа бодлогын зөвлөмжүүд зөвхөн сүүлийн хоёр долоо хоногт боловсруулаад гаргаад ирсэн зүйл биш. 2015 онд 4-6 сарын хугацаанд маш ул суурьтай хийсэн судалгаа юм. Өнөөдөр яригдаад байгаа хариуцлага, шүүгчийн томилгоо, Ерөнхийлөгчөөс шүүгч нарыг томилоод байгаа эрх мэдлийн төвлөрлийн асуудлыг бид 2015 онд ярьж байсан. Үүнийг хэрхэн сааруулах вэ, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгааг үгүйсгэхгүй. Бусад хуулиар зохицуулахад учир дутагдалтай байгаа юм.

-Бодлогын судалгааг ямар байдлаар явуулсан бэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Зарим УИХ-ын гишүүн хуулийн төсөл боловсруулсан байна лээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловруулсан. Эдгээр үйл явцад судлаачдынхаа гаргаж ирсэн бодлогын хувилбаруудыг авч үзээсэй. Энэ зөвлөмжүүдэд ул суурьтай хандаасай. Зөвлөмжүүдийг гаргаж ирж байгаа үндэслэл, судалгаанд ашигласан дата баримтууд байна. Маш олон шүүгч нараас санал асуулга авч, нэлээд улс орны практикыг судалсан. Эдгээрт анхаарал хандуулж, хуулийн төсөлдөө тусгаасай. Бодлогын зөвлөмжийг гаргахдаа тодорхой нэг маргаан, кэйст хариулт өгөх зорилгоор бус салбарын эрх зүйн орчинг илүү тогтвортой болгоход ул суурьтай хандаасай гэдэг үүднээс хийсэн. Тэр ч утгаараа энэ хэлэлцүүлгийг дахин зохион байгуулж байна.

-Шүүгчийн хараат бус байдлын талаар ярихгүй юу?

-Хараат бус байдал туйлын ойлголт биш. Үүнийг хэн ямар өнцгөөс харж байгаагаас тайлбар нь харилцан адилгүй байна. Хараат бус байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна уу гэдгийг харах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бус байдлыг хангах чухал институт. Энэ институтийн хараат бус байдал хангагдсан байна уу гэдэгт бид дүгнэлт өгч болно. Түүнээс салбарыг бүхэлд нь төдөн хувийн хараат бус байдалд байна гэж дүгнэх нь учир дутагдалтай. Тухайн дүгнэлтийг өгч байгаа хүн хэргээ алдсан уу, эсвэл хөндлөнгийн этгээд яаж дүгнэх үү гэдэг өөрөө харьцангуй ойлголт. Энэ ч утгаараа бид ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчилгүй шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлээд явж байгаа биш хөндлөнгийн судлаачдыг дэмжиж асуудлыг яриулдаг. 

 

Эх сурвалж: eagle.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404