УДЭТ-ынхан "Театрын өдрүүд" аялан тоглолт хийнэ
2019/04/12

УДЭТ-ынхан 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо энэ  сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд Дорнод, Хэнтий аймгуудад зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын төрөөс соёл, урлагийн талаар баримталж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн уран бүтээлээр хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Театрын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж, үзэгч түмний талархалыг хүлээсээр иржээ.
Энэ удаагийн аялан тоглолт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлт болж байгаагаараа онцлог. 
Аялан тоглолтын хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанрын шилдэг бүтээлүүд багтжээ. Тухайлбал, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, зохиолч Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас” нийгэм уянгын драмын жүжиг, төрийн шагналт зохиолч Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр толилууж, орон нутгийн үзэгчдэдээ оюуны хөрөнгө оруулалт хийх юм байна. Үүний зэрэгцээ уран бүтээлч, үзэгчдийн уулзалт, ярилцлага, мэргэжил арга зүйн сургалтуудыг зохион байгуулах ажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404