С.Амарсайханд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ
2019/04/11

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Тус бүлэг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн “Зүүнбаян Рэфайнери” компани Туул голын бургасыг хядан барилга барьж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлснээр 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын дарга гэх мэтчилэн Нийслэлийн удирдах дээд байгууллагад ажиллаж ирсэн боловч ахынхаа компанийн хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан. Харин ч бүр хууль бус үйл ажиллагаа явуулахыг нь эрх мэдлийн хүчээр хамгаалж, өөгшүүлж байсан байж болзошгүй.

Учир нь С.Амарсайхан нь 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн. 2016 оны 07 сараас 2017 оны 10 сар хүртэл НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр, 2017 оны 10 сараас 2019 оны 02 сар хүртэл НИТХ-ын даргаар, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

Харин “Зүүнбаян рэфайнери” компанийн газрын хугацаа 2013 оны наймдугаар сард дууссан боловч 2014 оны дөрөвдүгээр сараас газрын эзэмших эрхийг сунгаж, үе шаттай хууль бус ажиллагаа явуулж ирсэн байна.

Иймд Нийслэлийн удирдах дээд байгууллагад ажиллаж байхдаа ахынхаа компанийн хууль бус үйл ажиллагааг нууж, нийслэлийнхний төдийгүй Туул голоос ундаалдаг Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн С.Амарсайханыг хотын даргаар ажиллах ёс зүйгүй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахын хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж тус бүлэг үзжээ.

Тэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн хамаарал бүхий этгээдээ хамгаалж, нуун  дарагдуулсан С.Амарсайханд хариуцлага тооцох, компанийн учруулсан 13 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, Туул голын хойд болон урд эргийн дагуух төлөвлөлтийг олон нийтэд ил тод зарлах зэргийг шаарджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404