Багш нарын VII хурлын хамгийн ахмад төлөөлөгч 91 настай, хамгийн залуу нь 22 настай
2019/04/11

Монголын багш нар 23 жилийн дараа цуглаж 7 дугаар их хурлаа хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй багш нарын их хурал  Төрийн ордонд эхэллээ.

Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогджээ. Тэртээ  1935 онд багш нар анхны хурлаа хийж байсан бол сүүлчийн их хурлаа 1996 онд хийж байжээ. 

Их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар үг хэлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багшийг төрийн дээд цол тэмдгээр шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Гончигийн Лхахүүг Монгол Улсын Ардын багш, Ч.Ганбилэг, Г.Гүндэгмаа, П.Дулмаа, М.Шагдарсүрэн, С.Цээпил, А.Эрдэнэбаатар, Лхагваа нарыг Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнасан нь их хурлын төлөөлөгчид төдийгүй мянга мянган шавь нарын сэтгэлийг хөдөлгөв. Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч 91 настай Монгол Улсын Гавьяат багш Цэрэнпилийн Балхаажав, хамгийн залуу төлөөлөгч 22 настай Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Ганбаатарын Тэгшсүрэн оролцож байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404