АТГ-ын шинэ удирдлагуудын албан "зураг" гарчээ
2019/04/11

Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авмагцаа л АТГ-ын даргыг солих асуудлыг хөндсөн. Гэвч албан тушаал наймаалцсан 60 тэрбумын хэргийг хаацайлж өнгөрснийх нь дараа Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудалд УИХ-ын гишүүд хүч нэмж эхэлсэн тэрээр  дээрх асуудлыг  УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, орны хүмүүсийг томилохдоо  Нийтийн сонсголын тухай хуульд заасан Томилгооны сонсголыг хийх  шаардлагатай гэж үзэж УИХ-ын  нэр бүхий 19 гишүүн   УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг өргөн бариад буй.

Энэ  дагуу Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар АТГ-ын удирдлагаас чөлөөлөгдөх бэлтгэлээ хийж эхэлсэн гэнэ. Тэрээр сонсголд бэлдэхийн хажуугаар нийт ажилтнуудаас мэргэжлийн шалгалт авах нэрээр өөрийн хүмүүсээ бат зоож авах, өрөөлийн хүмүүсийг халж сэлгэх ажлыг эхлүүлж байгаа бололтой.  УИХ-ын зарим гишүүдийн мэдээлж байгаагаар Х.Энхжаргал өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх боловч АТГ-ынхан " тийм зүйл болоогүй, ажил хэвийн явагдаж байгаа" гэцгээж байгаа юм.  Юутай ч бүтэн жил яригдсан АТГ-ын удирдлагуудыг солих асуудал  ийнхүү шийдэгдэж байна. 

Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудал яригдаж эхэлснээс хойш энэ байгууллагын Тэргүүн комиссараар хэн ажиллах талаар ортой оргүй олны таамгууд их гүйсэн.  Сахал Билэгтээс эхэлсэн таамаг нэрсүүд Дорлигжав, Баасан, Дашдаваа, Ганбаатар гэх зэргээр үргэлжилсэн.  Гэвч  АТГ-ын шинэ удирдлагууд тодорч, дарга дэд даргаар хэнийг томилох албан зураг гарчээ.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойрын эх сурвалж "АТГ-ын даргаар Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилохоор  талууд тохиролцсон. Одоо дэд даргаар томилох хүмүүс дээр зөвшилцөж байгаа.  Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдавааг дэвшүүлж байгаа бол Ерөнхийлөгчийн тамгын газраас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан Ш.Ганболдыг санал болгож байгаа" гэж мэдээлэв.  Сүүлийн үед өндөр албан тушаалын томилгоонд нэр дэвшсэн хүмүүсийг нам бүлэглэлүүд намнаж хэн ч биш болгох ажлууд их хийгдэж байгаа учир АТГ-ын дараагийн дарга нарын нэрсийг тун нууцалж байгаа гэнэ. Томилгооны асуудлыг ҮАБЗ саналаа нэгтгэж УИХ-д оруулах учиртай. Тиймээс санал нэгтгэх шалтгаанаар уг асуудал удааширч байгаа бололтой. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404