2-6 насны хүүхдийн шүдийг 5 жил үнэгүй эмчилнэ
2019/04/10

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдэж байна. Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96%, 12 насанд 65,3%, 18 насанд 67,5% байсан бол энэ тоо өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, 2012 онд 18 хүртэлх насны 976 мянга 941 хүүхдийн 83,6 хувь буюу 816 мянга 941 хүүхдэд үзлэг хийхэд 91 хувь нь шүд цоорох өвчтэй байсан нь 18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл өндөр байгааг нотолж буй.

Зөвхөн нэг хүүхдийн 6-8 шүд нь ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. Энэ асуудлыг бид анхаарлын гадна орхигдуулбал, бүхэл бүтэн хүн амын  нэг үеийн маань   эрүүл мэнд нь эрсдэлд орох эрсдэлтэй. Тиймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн  нэгжээр бууруулахыг зорьж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 725 мянга 600 гаруй 2-12 насны хүүхэд байна. Эдгээр хүүхдийн шүдний өвчлөлийг улсын төсвөөр  санхүүжүүлэн шүдний цоорлыг нь бүрэн эмчлэх зорилт тавьж байна. Хоёрдахь том зорилго нь амны хөндийн эрүүл мэндийн дадал, хэвшлийг хүүхдүүд болон олон нийт гээд хүргэхээр зорьж байна” гэлээ.

Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол 2019 онд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.  Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлнэ. Нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хувиар бууруулах тооцоог хийсэн.199 шүдний эмнэлэг 2-6 насныханд үнэгүй үйлчилнэ. Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлд хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404