Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2019/04/10

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж   Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байгаа. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 хувь орчим эзлэх талбайд бүрддэг. Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая.м3 орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн судалгаагаар Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 608,300.0 сая.м3 (мөнх цас, мөсөн голын усны нөөц буурснаас 564,800.0 сая.м3 болсон), үүний 34,600.0 сая.м3 гол, мөрний, 500,000.0 сая.м3 нуурын, 62,900.0 сая.м3 (19,400.0 сая.м3 болж буурсан) мөнх цас, мөсөн голын, 10.800 сая.м3 газрын доорх ус байдаг байна. Монгол Улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байна.

Түүнчлэн “Усны тухай хууль”-д газрын доорх ус ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын  хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудал болсон. Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжиж буйтай холбогдуулан энэхүү салбаруудад газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооног битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдлын түвшинг тогтоох, хянах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгэм-эдийн засгийн шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 

Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд нэмэлт болон өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсруулж усны нөөц хамгаалах, хомсдлоос сэргийлэх, хариуцлагатай ашиглалт, хяналтыг сайжруулах, хүн амын унд, ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газрын доорх усны эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404