Сүхбаатар дүүрэг хүүхдүүдийн санал мөрөөдлийг сонсож ажилдаа тусгана
2019/04/09

Тэгвэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй "Иргэн төвтэй дүүрэг" аяны хүрээнд “Хүүхэд хөгжил-хамгаалал" чуулганыг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Энэхүү чуулган нь хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд нийгэмд үүрэг хүлээж буй хүн бүрийн санаа, бодлыг тусгах зорилготойг зохион байгуулагчид онцлов.

Тус анхдугаар чуулганд дүүргийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 18 мянга гаруй хүүхдээс сурлага, урлаг, спортын салбарт хамт олноо манлайлсан 500 хүүхэд болон хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож, “Хүүхэд хөгжил-хамгаалал”-ын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.

"Чуулганаар дамжуулан  хүүхдийн юу хүсч мөрөөдөж, боддогийг сонсож, тэдний хүсэл саналыг дараа дараачийн ажилдаа тусгаж, дэмжих зорилготойгоор зохион байгуулж байна" хэмээн Дүүргийн Засаг дарга Х.Болормаа ярив.

Бидний зүгээс нийгмийн өмнө тулгамдаад буй хүүхэд хамгааллын чиглэлийн асуудалтай холбогдуулан хүүхдийг эрх үүргээ ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд нийгмийн бүх шатныхны оролцоог ханган ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр ирсэн 333 дуудлага мэдээлэлд 1-20 дугаар хорооны хамтарсан баг ажиллаж, 80 гаруй хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд цаашид ч мөн хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тус баг, хамт олны үйл ажиллагааг идэвхжүүлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг суулгаад байгаа юм байна. Мөн "Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн 16,17-р хорооны эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хамруулжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404