Ц.Нямдорж: Хурц, Г.Эрдэнэбат нар гарын үсэг зурснаар тамладаг ажиллагаа эхэлсэн
2019/04/09

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах түр хороо байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэлээ.  

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Түр хорооны бүрэлдэхүүнд олон гишүүн хэрэггүй. Өчигдөр орой Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат гэдэг хүн ярилцлага өгч байна лээ. Тэр хүн эрүүдэн шүүсэн асуудлаар шоронд суух ёстой хүн. Монголд шударга ёс гэж байна уу үгүй гэдгийг л би үзэх гээд байна. Тэр этгээд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гэдэг юманд гарын үсэг зурсан. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тагнуулын нууц ажилтнууд зохиодог. Хоёр нууц ажилтан, мөрдөн байцаагч доор нь гарын үсэг зураад дээр нь Б.Хурц, Г.Эрдэнэбат, Б.Хурцын орлогч гурав гарын үсэг зурсан. Хүн тамладаг ажиллагаа ингэж эхэлсэн. Хэзээ ч прокурор гүйцэтгэх ажлын төлөвлөгөө баталдаггүй. Ийм учраас түр хороог хурдан байгуулаад асуудлыг шийдэх ёстой. Сүүлийн үед Ц.Нямдорж сайд байсан хэр нь энэ асуудлыг эрт илрүүлэх нь яасан юм гэдэг дайралт их ирж байгаа. Би 2012 онд сайдын ажлаа өгсөн. Энэ зохиомол ажиллагаа 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Буцаж 2017 онд сайд болоход энэ хэрэг шүүхээр орчихсон байсан. Намайг С.Зоригийн хэргийн төлөө явсны төлөө таван хэрэг үүсгэсэн байгаа. ШШГЕГ болон цагдаагийн ажилтнууд дээр эрүүгийн хэрэг үүсгэж дарамталж байгаа. Үүнийг бүгдийг нь захиалгаар хийж байгаа. Гэтэл Г.Эрдэнэбатыг өмөөрөөд байдаг гишүүд байна. Б.Хурц, Г.Эрдэнэбатын захиалгаар гар хөл нь болж гүйдэг гишүүд болиорой" гэж хэлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404