Улсад учруулсан 7 тэрбумын хохирол, 7%-ийн хүүтэй зээл Капитал банкийг буулгахад хүрэв үү
2019/04/08

"Капитал" банк өнөөдөр албан ёсоор татан буугдлаа. Энэ талаар өнөөдөр Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ.  Мэдэгдэлд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо. Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно. Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв" гэжээ.  Тус банкны харилцагчдын 20 сая төгрөгөөс доошх хадгаламжийг Хаан банкаар дамжуулан олгох юм байна.

Хэдхэн сарын өмнө Капитал банкийг улсад 7 тэрбумын хохирол учруулсныг Сангийн яам тогтоосон. Тодруулбал, Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7.0 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан байна. Гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-нд 7 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой байтал Капитал банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байсан аж. Капитал банк 7 тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг зээлээр олгосон байна. Харин үлдэгдлийг тус банк зориулалтын бусаар ашигласан гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа хамаарал албан тушаалаа ашиглаж жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт олон нийтэд хүрсэн. УИХ-ын гишүүн Б.Ундармааг өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан”  гэж үзэж  АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа. Энэ мэт олон фактууд  санхүүгийн салбарт 29 жил үйл ажиллагаа явуулсан "Капитал" банкийг дампуурахад хүргэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404