Хойд Солонгосын эдийн засгийг сэргээн босгоход $63 тэрбум шаардлагатай
2018/06/30

Санхүүгийн үйлчилгээний Citibank компанийн шинжээчид Хойд Солонгосын эдийн засгийг бүрэн сэргээн босгоход хэр их мөнгө хэрэгтэйг тооцоолон гаргаснаа танилцуулжээ.Тэдний тооцоолсноор тус хаалттай улсын зам тээвэр, дэд бүтцийг шинээр босгоход нийтдээ $63 тэрбум шаардлагатай гэнэ. Үүнд төмөр замын 28 төсөлд $24.1 тэрбум, авто замын 33 төсөлд $22.8 тэрбум, эрчим хүчний 16 станцын төсөлд $10 тэрбум зарцуулагдана гэжээ.

Үүнээс гадна эхний ээлжийн богино хугацааны бүтээн байгуулалтад $11.6 тэрбум орно гэж тооцсон байна. Судалгааг ахалсан шинжээч Ким Жин Вүк “Хэрвээ саяхан болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үр дүнд Хойд Солонгосын эдийн засаг нээлттэй болвол төмөр зам, авто зам, агаарын болон далайн тээврийн боомтууд, цахилгаан станц, уурхай, боловсруулах үйлдвэр, хийн хоолой зэрэг дэд бүтцийн төслүүдэд урт хугацаандаа $63.1 тэрбум шаардагдахаар байна” гэж мэдэгджээ.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлаас хамгийн их ашиг хүртэх нь Өмнөд Солонгос бөгөөд санхүүгийн ашгаас илүүтэй геополитикийн үр ашиг нь тус улсын хувьд чухал байх болно гэж Citibank-ийн тайланд өгүүлсэн байна. “Хэрвээ эхний ээлжинд шаардагдах $11.6 тэрбумын бүтээн байгуулалтыг нэг жилийн дотор хэрэгжүүлж, Өмнөд Солонгосын компаниуд 60 хувийн үр шимийг хүртэнэ гэж тооцвол тус улсын эдийн засаг зөвхөн 0.07 хувиар л өсөхөөр байна. Гэхдээ геополитикийн эрсдэл нь буурч, зах зээлд нь итгэх итгэл нэмэгдэхэд үүнээс илүү ашиг гарах болно” гэж шинжээчид тайлбарлажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404