Мөөгөнцөртөж өжирсөн цэцэрлэгийн барилгад цаашид хүүхэд хүлээж аваад байж болох уу
2019/04/06

Хатуухан хэлэхэд байсгээд хүүхдийн амиар туг тахьдаг Монгол улс хариуцлагагүйн туйл болчихсон. Төр засагт бүхнээ даатгаад орхих биш иргэд, эцэг эхчүүд, багш нар ч  өөрсдөө анхааралтай хариуцлагатай байх ёстой бөгөөд энэ нь тэдний үүрэг.  Гэтэл томчуудын буруугаас нялхасууд гэмтэж бэртэх, зам тээврийн осолд өртөн тахир дутуу болох, элдэв хүчирхийлэлд өртөх, амь насаа алдах тохиолдол тасрахгүй байгаа. Үр хүүхдийнхээ амьдарч буй, тоглож наадаж буй орчин нөхцөл, идэж буй хоол хүнсний чанар байдлыг бид л анзаарч хянаж байхгүй бол бяцхан үрс юугаа мэдэх билээ. Хаширч ханахгүй үхэр монголчуудын хариуцлагагүйн жишээ  саяхан нэгэн цэцэрлэгт  илрэв. 

Сонгинохайрхан дүүргийн  170  дугаар цэцэрлэгийн барилгын ашиглалтын байдал  эрсдэлтэй болсныг цэцэрлэгийнхэн ч эцэг эхчүүд ч мэдээлэхгүй удсан байна. Барилгын хана бүхэлдээ цуурч энд тэндээс нь шавар нурсны дараа л мэргэжлийн байгууллагад ханджээ.   МХЕГ-аас хяналт шалгалт хийхэд хаалганы гонхны тоосгон хананд хагарал, цууралт үүссэн, зарим анги бүлгийн тусгаарлах хана хөндлөн хагаралтай, гал тогоо, хоолны заалны агааржуулалтын сорох систем бүрэн ажилладаггүй, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн  зориулалттай байранд 600 гаруй хүүхэд сурдаг байжээ.  Мөн гал тогооны ачаалал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдсэн, ажлын байранд уур цан ихээр үүссэнээс маш их чийгтэй, хана тааз, цонхнуудын гурван талын амлагаа хэсгүүдэд хөгц мөөгөнцөр үүссэнээс хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангахгүй болсон байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор  тус цэцэрлэгийг хариуцагч “Сан херо” ХХК-д албан шаардлага өгчээ. Гэвч энэ хэмжээний цууралт өгчихсөн, дээр нь их хэмжээний мөөгөнцөр үүсч өжирчихсөн бол уг барилгыг  цаашид цэцэрлэг ийн зориулалтаар ажиллуулахад хэтэрхий эрсдэлтэй биш гэж үү. Агааржуулагчгүй, агааргүй орчинд уур манан савсуулаад ачааллыг 2 дахин нэмэгдүүлж ажиллаж байсан нь дэндүү хариуцлагагүй. Магадгүй энэ компанийнхан өөрсдийн  хүүхдүүдийг энэ цэцэрлэгт сургадаггүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн.  Нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг анхаарч өөрсдийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцаж арга хэмжээ аваасай. Ийм нөхцөлд хүүхэд хүлээж авч буй өөр хэчнээн ч цэцэрлэг байгааг  бүү мэд.   Хариуцлагагүйн төлөөсийг  хүүхэд үүрэх ёсгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404