Харааны бэрхшээлтэй сурагчдад зориулан брайль газрын зургийг зохиожээ
2019/04/02

Харааны бэрхшээлтэй сурагчид сургууль орчмын брайль газрын зургийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртэл болон сургуулийнхаа хашаан дотор ганцаараа ч явах боломжтой боллоо. Тэдэнд зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг  Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар өнөөдөр хүлээлгэж өгсөн юм. 

БХБЯ, ГЗБГЗЗГ-аас санаачлан Монгол улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг 2018 онд зохиосон бөгөөд  116-р сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхэгийг ийнхүү бэлэглэж байгаа ажээ.

Үүнд:
1. Дэлхийн газрын зураг,
2. Монгол орны засаг, захиргааны зураг,
3. 116 дугаар сургууль орчмын тойм зураг,
4. 116 дугаар сургуулийн хашаан доторх тойм зураг.

Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн онцлог, тэдний мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн бөгөөд хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичиж, харин харааны тодорхой хувийн алдагдалтай сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн аж.

Тус яам цаашид “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохиож, аймаг сум, Улаанбаатар хоттой илүү их ойр танилцах боломж олгохоор ажиллаж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404