Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх эхо аппаратыг ашиглаж эхэллээ
2019/03/28

Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн.

“HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ургийн оношилгоог хийх  давуу талтай. Нийт гурван төрлийн датчиктай бөгөөд хэвлийн буюу гүдгэр датчик /EUP-C715/ нь хэвлийн хөндийн дотор эрхтнүүдийг харах боломжтой бол, шугаман буюу шулуун датчик /EUP-L74M/ нь зүрх судас, хөх, бамбай зэрэг эрхтэнд оношилгоо хийнэ. Харин гурав дахь датчик буюу 3D/4D буюу /EUP-CV724/ нь эх барих, эмэгтэйчүүд болон ургийн гаж хөгжлийг оношлох боломжтой.

Уг аппарат нь цуллаг эрхтний хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн 4D дэвшилтэт технологи юм. Мөн элэг болон бусад цуллаг эрхтэнд үүссэн голомтот өөрчлөлт, хавдрын хэмжээг нарийвчлан тооцоолно. Ялангуяа цуллаг эрхтний, тэр дундаа элэгний хатуурлын зэргийг тодорхойлох Эластография программтай юм. Энэ нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр цогц байдлаар хэрэгжиж, элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд чухал алхам боллоо. Ийм хүчин чадалтай аппарат өмнө нь нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаагүй болно.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404