Х.Баттулга: Тусгай олимпийн тэмцээнд оролцогчдыг төр дэмжих ёстой
2019/03/25

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Монгол Улсаас энэ олимпт 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн  амжилттай иржээ.

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ тэдэнд амжилт хүсч, олимпын нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг гаруулан өгч байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг олимпийн наадамд амжилттай оролцож ирсэнд нь баяр хүргэн, хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Засгийн газраас медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгож байгааг сайшаан, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохиогдох аливаа тэмцээн, уралдаанд төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой хэмээв.

Мөн 192 орны 7,500 гаруй тамирчин оролцсон олимпын наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт гээд олимпын цикл хоорондын тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлэхийг зорих хэрэгтэй хэмээн багш, дасгалжуулагчдад зөвлөв.

Уулзалтын үеэр хүүхдүүд олимпийн наадамд оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг авахууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404