Эрүүдэн шийтгэсэн асуудлыг эцэслэтэл томилгоог хойшлуулна
2019/03/25

МАН-ын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

"Бүлэг гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүлт явагдсан гэдэг асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Хоёрдугаарт, УЕП-ын орлогчийн зөвшилцөх тухай Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. 

С.Зоригийн хэргийг шийдвэрлэх явцдаа иргэдийг эрүүдэн шүүснийг бүлгийн зүгээс буруушааж байгаа. Энэ бол ардчилсан Монгол Улсад байж болшгүй асуудал юм. Эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж бүлгийн зүгээс үзэж байгаа. Энэ асуудаар УИХ шийдвэр гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн энэ асуудлаар ажлын хэсэг гаргах нь зүйтэй юм гэж үзсэн. Түүнчлэн эрүүдэн шүүсэн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх ёстой гэдэг шийдвэр гаргасан. 

Хоёрдугаар асуудал нь УЕП-ын орлогчийн томилох асуудлыг зөвшилцөх. Ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Хэдий зөвшилцөх асуудал ч гэлээ УИХ-ын гишүүдийн олонхийн саналыг авах ёстой. Бүлгээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн. 

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх талаар Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д албан бичиг ирсэн. Одоогийн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учир дараагийн хүмүүсийг томилж өгөөч гэж хоёр хүний нэр ирсэн. Энэ асуудлаар өмнө нь Хууль зүйн байнгын хороо шийдвэр гаргасан. Байнгын хорооноос бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй учир өргөн барьсан хоёр хүний асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. 

Мөн өнөөдрийн байдлаар Үндсэн Хуулийн Цэц дээр АТГ-ын дарга, дэд даргын хугацаатай холбоотой маргаан үүсгэсэн байгаа. Эрхзүйн хувьд маргаантай байгаа асуудлыг УИХ шийдэх боломжгүй учир АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулсан" гэв. 

Ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын даргыг шинээр томилох асуудлыг хойшлуулсан шалтгаан нь аль аль нь  С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотой хэмээн бүлгийн дарга хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404