ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛ ХҮСЭГЧДЭЭС ТЭЗҮ ШААРДАНА
2019/03/22

Алт-2” хөтөлбөрийг дэмжиж, Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9 тэрбум, 2018 онд 28 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 2019 онд 16 тэрбум төгрөгийн зээл олгох аж. Зээлийн жилийн хүү 12 хувь ба энэ жилээс хоёр болон түүнээс дээш жилээр зээл олгоно. Өнгөрсөн жилүүдэд нэг жилийн хугацаатай зээлийг алтны компаниудад олгож байжээ. Энэ тухай мэдээллийг “Mongolia Gold-2019” чуулганд оролцож байгаа Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан хэллээ.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан өнөөдөр  /2019.03.22/  Mongolia Gold-2019” чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарцын талаар зөвлөлдөж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр  “Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавив. Хөгжлийн банк алтны компаниудыг зээл хүсэхэд тухайн төсөлтэй нь холбогдуулан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шаарддаг байна.  Гэтэл зээл хүссэн алтны компаниуд нь уулын ажлын төлөвлөгөө ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй төслүүдэд санхүүжилт хүсдэг зөрчил нийтлэг гарчээ. Хоёрдугаарт, зээл хүсэгч аж ахуйн нэгж нь зээлээ юунд зарцуулах нь тодорхойгүй, эсвэл өмнө авсан банкны зээлээ төлөх зорилгоор зээл хүсэх зэрэг зөрчлүүд гаргажээ.  Иймээс эдгээр зөрчлийг гаргахгүй байхыг зөвлөлөө.

Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 гаруй алтны компанид зээл олгоход нэг нь л цаг хугацаандаа буцаан төлжээ. Үүнд зээлийн эргэн төлөлтийн хугацаа богино байсан нь нөлөөлсөн байх талтайг онцлов.  Учир нь Сангийн яамны санхүүжилтээр зээл олгоход эргэн төлөх хугацаа нь богино байжээ. Иймээс энэ жилээс зээл олголтын хугацааг уртасгаж буй аж. Мөн зээлийг бизнесийн мөчлөгтэй нь уялдуулж олгож чадаагүй, валютын ханшийн зөрүү зэрэг нь зээлийн эргэн төлөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гуравт, барьцаа хөрөнгө дээр хоёр талаасаа анхаарах.  Хуульд зээл олгоход барьцаа хөрөнгөөр хангагдсан байх ёстой гэж заажээ. Гэтэл зээл олгоход уян хатан нөхцөл шаардах хэрэгтэй болдог. Иймээс лиценз, үл хөдлөх хөрөнгө, техник, ирээдүйн орлогыг барьцаалах зэрэг арга хэмжээ авч, зээл олгох тохиолдол гардаг байна. Энэ нь эргээд зээлээ төлөхгүй байх хүндрэл үүсгэдэг. Үүнээс болж, хэд,хэдэн компанийг шүүхэд өгчээ. Хөгжлийн банкнаас алтны компаниудад хандаж зээлийн олон эх үүсвэр ашиглахыг зөвлөдөг байна. Үүний нэг нь уул уурхайн машин механизм худалддаг компаниудтай лизингийн хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой гэж зөвлөлөө.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404